АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ Ираны тал илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 15 /NBC News/. Тодорхой нөхцөлүүдийн үндсэн дээр эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалсны хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаагаа Ираны тал мэдэгджээ.
Энэ тухай "NBC News" телевиз Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн улс төр, цэргийн бодлогын зөвлөх Али Шамханигийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.
Шамханигийн хэлснээр, Иран улс цөмийн зэвсэг хэзээ ч үйлдвэрлэхгүй байх үүрэг амлалт хүлээж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болох өндөр хувиар баяжуулсан ураны нөөцөө устгахад бэлэн байна. Гэхдээ иргэний зориулалтаар ашиглахад шаардлагатай түвшинд уран баяжуулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүх хориг арга хэмжээг цуцалсны хариуд олон улсын шинжээчид уг процессыг хянах боломжийг олгоно гэжээ.