АРХАНГАЙ: Хангайн бүсийн багш нарын тасралтгүй хөгжих төвийг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд бүх шатны багш нарын хөгжлийг анхаарах шаардлагатай.
Ийм учраас Боловсролын яамнаас
бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан Хангайн бүсийн багш нарын хөгжлийг
дэмжих, тасралтгүй хөгжих, мэргэжил дээшлүүлэх боломжийг бий болгох үүднээс
МУБИС-ийн харьяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийг түшиглэн багшийн
тасралтгүй хөгжих хангай бүсийн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төвийг нээхээр
болжээ.
Мөн Ховд аймагт баруун бүсийн багш нарыг, Дорнод аймагт зүүн бүсийн багш нарыг хөгжүүлэхээр тус аймгуудын их сургуулиудтай хамтран ажиллах юм.
Энэхүү төвийн багшийн хөжлийн хөтөлбөрийг боловсруулахад МУБИС оролцохоос гадна Кембриджийн их сургуулийн зөвлөх баг ажиллаж байгаа юм. Багшийн хөгжлийн бүсийн төвүүдэд зөвхөн сургалт хөтөлбөр явуулахаас гадна нийгмийн асуудлыг шийдэх ажлуудыг ч зохион байгуулна.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 35 цэцэрлэгт 264 багш, 30 сургуульд 1009 сурган хүмүүжүүлэгч багш ажиллаж байна.
Нийт
багш нарын 82.2 хувийг эмэгтэй багш нар эзэлж байгаа бөгөөд задалбал, бага
ангийн багш нарын 97.8 хувийг, дунд ангийн багш нарын 74.7 хувийг, ахлах ангийн
багш нарын 73.4 хувийг, дунд болон ахлах ангийн багш нарын 76.8 хувийг эмэгтэй
багш нар эзэлж байна.