Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭГадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 26-нд Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тито Пинияаг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол, Колумбын харилцаа улс төр, соёлын салбарт хүрээгээ тэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр манай хоёр орон уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах боломж байгааг онцлов.
Элчин сайд Пинияа 2015 оноос эхлэн жил бүр 8 оюутан, аялал жуулчлалын хөтчийг Засгийн газрын зардлаар хүлээн авч байгааг дурдаж, цаашид үргэлжлүүлэх, мөн Колумбиас испани хэлний багш авчирч, төрийн байгууллагын ажилтнуудад испани хэлний хичээл заах боломжтойг илэрхийлж, хариу өгөхийг хүсэв.
Түүнчлэн Элчин сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойртуулан ажиллахын төлөө анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Колумбын киноны өдөрлөг зохион байгуулж байгааг мэдээллээ.
Тэнгис кино театрт Колумбын үзэсгэлэнт байгаль, мөн Колумбын Нобелийн шагналт зохиолч Габриел Гарсиа Маркусын амьдрал уран бүтээлээр хийсэн баримтат кино үзүүлж байна.