Халдварт өвчний тархалтыг бууруулахад салбар хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НЭМХ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтран зохион байгуулж буй “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: Мэдээллээс үйлдэл рүү” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Блью скай зочид буудалд эхэллээ.
Энэхүү хурал нь Монгол Улсын хувьд “Халдварт өвчний тархалтыг зогсоох, шийдвэрлэхэд бусад улс орнуудын шилдэг туршлагатай танилцаж, сүүлийн үеийн шинэ мэдээлэл, нотлох баримтыг ашиглах чухал ач холбогдолтой” хэмээн ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Др. Су Ньюнт У онцлов.
Мөн тэрбээр, Монгол Улсад халдварт өвчний тархалт мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа. Сүрьеэгийн тархалтын анхны судалгаанаас харахад Монгол Улс дахь өнөөгийн сүрьеэгийн тархалт “Үндэсний сүрьеэгийн хөтөлбөр” ба ДЭМБ-ын өмнө нь тооцоолсноос хавьгүй өндөр байна. Монгол Улсад БЗДХ-ын чимээгүй тахал нүүрлэж, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52 хүрсэн нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд ноцтой асуудал байгааг харуулж байна. Оролцогчид энэ хурлын талбарыг ашиглаж өөр хоорондоо нээлттэй ярилцаж, мэдээлэл, санал бодлоо солилцон, хамгийн чухал нь Монголд халдварт өвчний тархалтыг бууруулах чиглэлээр эрчимтэй ахиц гаргахад зөвлөмж саналаа хэлээсэй гэж ДЭМБ-аас хүсч байна гэлээ.
Хурлын үеэр Монгол дахь сүрьеэгийн тархалтын анхны судалгааны үр дүн, 2015-2016 оны улаанбурхан өвчний тархалт, хариу арга хэмжээнээс авсан сургамж, туршлага, төрөлхийн тэмбүүгийн чиглэлээр хийсэн нарийвчилсан дүн шинжилгээ нийслэл хот, хот суурин газрын ундны усны чанарын үнэлгээ, өнөөгийн лаборатори, тандалтын тогтолцоо зэрэг судалгаа, үнэлгээг хэлэлцэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Бидний хувьд В, С вирусыг илрүүлэх, тоолох шинжилгээг ЭМД-д оруулж эхэлсэн нь том амжилт боллоо. Иргэн хармаанаасаа мөнгө гаргалгүй ЭМД-аар дамжуулан мөнгөө төлнө гэдэг чухал. Нэг хүн даатгалаас жилд хоёр сая төгрөг хэрэглэх боломжтой. ХӨСҮТ-д 165 мянган төгрөгөөр С вирус тоолох шинжилгээг ЭМД-аар төлүүлнэ гэдэг ард иргэдийн нуруунаас санхүүгийн ачааллыг хуваалцаж байгаа засаг төрийн хамгийн том ажил юм. Мөн элэгний С вирусыг эмчлэх харвони эмийг Монгол Улсад оруулсан. Анх 96 мянган ам.долларын өртөгтэй, чанартай энэ эмийг 1200 ам.долларын өртгөөр гурван сарын хугацаанд эмчлэх болсон. Үүнийг дахин багасгаж бүрэн эмчилгээг нь 900 ам.доллар болгон бууруулсан. Энэ дотроо 30 хувийг нь ЭМД-аар төлүүлэхээр болсон. Өнгөрсөн хугацаанд шинэ эмийг нэвтрүүлснээр 6000 гаруй хүнийг эмчилгээнд хамрууллаа. Үүний 90 гаруй хувь нь өндөр үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоогоод байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Нарантуяа: Манай улсадзонхилж буй халдварт өвчний дунд сүрьеэ, бэлгийн болон амьсгалын замын халдвар нь тодорхой хэмжээгээр хүн амын нас баралт, өвчлөлтөд өндөр нөлөөтэй байна. Эдгээр халдварт өвчинтэй тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар ажиллах боломжгүй. Тиймээс салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах хэрэгтэй. Нас насны хүмүүс эдгээр өвчнөөр өвчилж байгаа учир боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар хувь нэмрээ оруулах ёстой. Өнөөгийн глобальчлагдсан нийгэмд халдварт өвчин хурдацтай тархах эрсдэлтэй учир ямар ч орон халдварт өвчний аливаа дэгдэлт гарахад бэлэн байдлыг хамгийн түрүүнд хангах ёстой. Халдварт өвчнийг эрт илрүүлдэг, оношилдог хандалтын тогтолцоотой байх, хүн амд мэдээлэл хүргэхийг эрчимжүүлвэл халдварт өвчинтэй тэмцэхэд илүү үр дүнд хүрнэ.
Хуралд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, Австрали улсын эрдэмтэд болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтнүүд зэрэг 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус хурлын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар болон оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж гарах юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ