55 иргэнийг эрэн хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хоёр хоногийн өмнөөс орон нутагт цаг агаарын төлөв байдал эрс муудах тухай сэрэмжлүүлэг мэдээг Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас хүргэж байсан билээ. Тэгвэл өчигдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурчээ.
Тодруулбал, Сүхбаатар, Дорнод,
Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас 27
суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны
байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэсний хүчинд өглөөний 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд олжээ.
Харин Дорноговь аймагт 15, Дорнодод гурав, Хэнтийд хоёр, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.