Судсан дотуурх эмчилгээний технологиос эмч нар суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-10-05 17:44:18

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Судасны мэс заслын эмч нарын олон улсын хурал Чингис хааны музейд өнөөдөр эхэллээ.Судасны мэс заслын эмч нарын олон улсын хурал Чингис хааны музейд өнөөдөр эхэллээ.


Долоо хоногийн турш үргэлжлэх хурлыг Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг, Ази, номхон далайн орнуудын зүрх судас интервеншналь, радиологийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Мөн хурлын хүрээнд Монгол Улсад судсан дотуурх мэс ажилбарын чиглэлээр сургалт зохион байгуулах юм.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Мэс заслын эмчээр ажиллаж байх үедээ ХСҮТ-д элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийг үүсгэн байгуулан, дүрс оношилгооны хяналттай мэс ажилбарыг хийдэг эмч нарын багийг нэгэн дээвэр дор бэлтгэн гаргасан маань өнөөдөр үндэсний төв эмнэлгүүддээ ажиллан, сурсан мэдсэнээ түгээн хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн төлөө зүтгэж байна. ХСҮТ-ийн Ангиографийн тасгийн хамт олон Хонконгийн эмч нартай хамтран гуяны артерийн судсан доогуур элэгний судас бөглөх эмчилгээг гарын шууны артерийн судсаар хийн 3-хан цагийн дараа боолтыг авахад өвчтөн хэвийн амьдралдаа орох боломжийг бүрдүүлсэн эмчилгээг өчигдөр амжилттай хийсэн. Хүний амьдралын чанарыг алдагдуулахгүй олон өвчнийг эмчлэх боломжтой судсан дотуурх эмчилгээний технологиос Монгол Улс хоцролгүйгээр эх орондоо хийж, суралцаж байгаад туйлын талархалтай байна” хэмээв.


Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч В.Гантулга хэлэхдээ, “Энэхүү хуралд Ази, Номхон далайн зүрх судасны судсан дотуурх мэс заслын нийгэмлэгээс том том профессорууд хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой. Долоо хоногийн хугацаанд эмч нарт гардан мэс заслын сургалт зохион байгуулах, хагалгааг шууд дамжуулж залуу эмч нарт хүргэх, хагалгааны онцлог, хийж буй арга аргачлалаас хуваалцах, зохиомлоор бэлтгэсэн бэлдэц дээр хагалгааны багаж хэрэгслийг турших, шинэ технологийг хэрэглэх талаар хичээл заах юм. 2016 оноос Монгол Улс өндөр өртөгт хагалгааг ЭМД-аар шийддэг тогтолцоог бий болгосноор судсан дотуурх мэс заслын салбар хөгжсөн. Олон улсад хийж буй зүрх судас, тархины судсан дотуурх хагалгааг мэс заслын эмч нар нутагшуулж эхэлсэн. Манай улсад хавдар, тархины харвалт, өвчлөл нэмэгдэж, эдгээрийн нас баралтын хувь өндөр байна. Энэхүү өвчлөлийг хэрхэн бууруулах, урьдчилан сэргийлэх оношилгоо, эрүүл мэндийн боловсрол олгох нь эмч нарын хувьд тулгамдаж байна. Хэрвээ ийм өвчин тохиолдвол эмчилгээний зөв менежментийг сонгох хэрэгтэй. Нээлттэй эсвэл судсан дотуурх мэс засал болон эмийн эмчилгээ зэргийг зөв сонгох нь дараагийн зорилго болж байна” гэв.


Хуралд Монгол, Япон, Сингапур, Хонгконг зэрэг орноос нийт 250 гаруй эмч мэргэжилтэн оролцож байна. 



関連ニュース