“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” өдөрлөгийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-21 12:26:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” өдөрлөгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д нээлээ.


ХХААХҮ-ийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор 18 дахь жилдээ зохион байгуулж байна.


Өдөрлөгийг нээж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хэлэхдээ, хүнс хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон эерэг нөлөө бий болсныг дурдаад, “Тухайлбал, арилжааны банкны эх үүсвэрээр жилийн 5-6 хувийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай, 440 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг салбарын 1700 орчим иргэн, аж ахуйн нэгжид олголоо.


Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн 2 жилд 19 хувиар өсөв. Энэ өвөл дотоодын хэрэгцээнээс гадна 5.7 сая толгой малын махыг экспортлохоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны цахим систем нэвтрүүлсэн. Өнгөрсөн онд 1600 тн мах экспотолсон бол энэ онд одоогоор 46 мянган тн мах экспортлоод байна.

Мөн 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил болгон зарлаж, хөнгөлттэй зээл олгох зэрэг олон ажил зохион байгуулснаар арвин ургац авахаар байна. Ургац хураах ажил ид өрнөж, өнгөрсөн оныхтой харьцуулахад үр тариа, төмс, хүнсний ногооны ургац хураалт 20, тосны ургамал 30, малын тэжээл 40, жимс жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан тооцоо гарлаа. Техникийн шинэчлэл хийснээр улаанбуудайн нэгжийн ургац өмнөх оныхтой харьцуулахад 3.9 центр га-гаар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн нь сүүлийн 9 жилд хамгийн өндөр үзүүлэлт юм. Манай улс 165.8 мянган тн хүнсний ногоо хураан авч, хэрэглээнийхээ 81.3 хувийг дотоодоос хангах боломж бүрдээд байна. Хүнс боловсруулах үйлдвэрлэл энэ оны эхний 7 сард 1.3 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.9 хувиар өссөн”-ийг онцлов.


Манай улсын ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийнн салбарт ажиллаж, ДНБ-ий 32 хувийг бүрдүүлж байгаа билээ.


Ургац хураах үеэр тариаланчдын хөдөлмөрийг үнэлж жил бүр өдөрлөг жил бүр зохион байгуулдаг нь намрын өнгө төрхийг харуулахаас гадна үндэсний үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг онцолж байгаа юм. Шинэ ургац бидний эрүүл мэнд төдийгүй, эдийн засаг, экосистемд ч чухал байр суурь эзэлдгийг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра өдөрлөгийн үеэр тодотголоо. 

Тэрбээр, “Энэ жил Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д элссэний 50 жилийн ой тохиож байна. Ирэх сард хүнсний өдрийг хамтдаа тэмдэглэнэ. Онцлох сэдэв нь ус юм. Дэлхийн усны 2.5 хувь нь цэнгэг. Олон арван жилийн муу менежмент, гүний усны хэт ашиглалт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны хүртээмж, чанар эрчимтэй буурч байна. Бид илүү бага усаар илүү их хүнс, бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд салбар дундын зохицуулалт, бодлого, шинэлэг шийдэл шаардлагатай. Усыг илүү үр ашигтай хэрэглэх, хамгаалах, цогц арга барил хэрэгжүүлэхэд тариаланч, хувийн хэвшлийн оролцоо чухал юм. Бид ХАА-н бүтээмж нэмэх, хүнсний нэмүү өртгийн тогтвортой сүлжээ бий болгоход чиглэсэн Засгийн газрын манлайлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийг тууштай дэмжиж байна. НҮБ-ын ХХААБ өнгөрсөн хагас зуун жил Монгол Улсын Засгийн газрын найдвартай түнш байсан, цаашид хамтын ажиллагаагаа ч улам өргөжүүлнэгэлээ.



Өдөрлөгт 500 гаруй аж ахуйн  нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхээр дэлгээд байна. Өдөрлөгийн нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Суурин төлөөлөгч, Франц, Турк, Беларусь, Казахстан, Чех, Унгар, ОХУ, БНХАУ, Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирлээ.


Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” өдөрлөг 9 дүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. 



                                                                                                                                                                                Т.Амаржаргал

関連ニュース