Хамгийн “сул өрсөлдөгч” Рамасвами гэнэтийн ялалт байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-26 18:02:40

ЛОНДОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй БНН-ын гишүүдийн эхний мэтгэлцээний ялагчаар энэтхэг гаралтай саятан Вивек Рамасвами тодорсон нь санаанд оромгүй гэнэтийн явдал байлаа.


Дөрвөн жил завсарласны дараа Цагаан ордонд эргэн ирэхийг хүсэж буй Д.Трамп хэрвээ мэтгэлцээнд оролцсон бол тун сонирхолтой өрсөлдөөн өрнөх байв.


Огт санамсаргүй ялалт

Мэтгэлцээний туршид давамгайлсаар байсан Рамасвами бусад өрсөлдөгчөөсөө олон талаар ялгарч байлаа. Жишээ нь, улс төрийн урт замналдаа нэг ч сонгуульд ялагдаж үзээгүй НҮБ-д сууж байсан АНУ-ын Байнгын төлөөлөгч асан Никки Хейли-гээс ялгаатай нь гэвэл бие даан нэр дэвшигч Рамасвами урьд нь нэг ч сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагүй юм. Тэр ч бүү хэл 2008-2020 онд явагдсан 4 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчоор ч оролцоогүй хүн юм.


Бүгд найрамдахчуудын дотроос аутсайдер буюу хамгийн сулхан өрсөлдөгч гэж өөрийгөө даруухнаар тодорхойлж байсан Рамасвами олон асуудлаар намынхнаасаа тэс өөр байр суурьтай байлаа.  Тухайлбал, бусад 7 өрсөлдөгчөөсөө ялгаатай нь гэвэл, тэрбээр Украиныг НАТО-д элсүүлэхийн эсрэг байж, украинчууд газар нутгийн асуудлаар Оросод буулт хийх нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байна. Түүнчлэн байнгын армийн хүчээр Мексиктэй залгаа хилийг хамгаалах, Америкийн компаниуд Хятадтай хамтран ажиллахыг бүрмөсөн хориглох гэх мэт “этгээд” саналуудыг дэвшүүлж байх жишээтэй.  

Тэгээд ч түүний ийм хандлага нь өөрт нь тун ашигтай туслаа. Олон ажиглагчдын хувьд, мэтгэлцээний явцад тэрбээр бараг л цорын ганц оролцогч мэт сэтгэгдэл төрж байсан гэнэ. Нэг намын нөхдийн зүгээс ирсэн дайралтуудыг Рамасвами огтхон ч түүртэлгүй няцааж, тэд үнэн санаанаас үгээ хэлж байгаа эсэхийг ч шүүмжилж байлаа. Тухайлбал, Украинд болж буй дайны талаарх Хейли-гийн эвлэршгүй байр суурь нь батлан хамгаалах салбарын ханган нийлүүлэгчдийн зөвлөлд орох гэсэн санаархалтай нь холбоотой гэж байх жишээтэй.


Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг мэтгэлцэх явцад тэрбээр хэлэхдээ “энэ тайзан дээр байгаа хүмүүсийн дотроос хэнээс ч мөнгө аваагүй цорын ганц хүн бол би” гэсэн нь өрсөлдөгчдийнхөө дургүйцлийг тун ихээр хүргэжээ.  


Хоёр дипломтой саятан

38 настай Вивек Рамасвами Охайо муж улсад өмнөд Энэтхэгээс гаралтай цагаачдын гэр бүлд төржээ. Эцэг эх нь багад нь түүнийг энэтхэг уламжлалаар хүмүүжүүлж байсан боловч католик сургуульд оруулсан байна. Харвардад сурч биологчийн диплом авсан Вивек Йелийн их сургуулийн хуулийн ангид элсэн суралцжээ. Хоёрдахь дипломоо авахаар суралцах явцдаа Рамасвами хеж сангийн хөрөнгө оруулагч болсноор богино хугацаанд нэлээд хэдэн сая доллар хуримтлуулж чадсан байна. Тиймээс Йелийн их сургуулийг төгсөх үедээ мөнгөөр огт гачигдаж байгаагүй тухайгаа тэрбээр хожим нь ярьжээ.  


2014 онд Roivant Sciences гэдэг компани байгуулж клиникийн туршилт нь хийгдээгүй эм бэлдмэлүүд ба хараахан дуусаагүй эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын патентуудыг эмийн томоохон компаниудаас худалдан авснаар  мөнгөө өсгөж байв.  


Forbes сэтгүүлийн энэ оны жагсаалтыг харвал, Рамасвами 630 сая долларын хөрөнгөтэй ажээ.

関連ニュース