О.Са Рина: Бүсгүй хүн нөхөрт гарахыг хоёр талын ноёнд мэдэгддэг байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад зохион
байгуулж буй Олон улсын Монголч эрдэмтний XII их хурал
Залуу монголч судлаачдын салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
МУИС-д болсон Түүх,
угсаатны судлалын Залуу монголч судлаачдын салбар хуралдаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Их сургуулийн оюутан Д.Хачинфу “Монгол хотон: Угсаатны гарал үүсэл, түүний
үндэстэн дамнасан байдал” сэдвээр, Бээжингийн Их сургуулийн монгол оюутан
Д.Юмчинхорлоо “XIII-XIV зууны үеийн түүхийн зарим эх сурвалж дахь монголчуудын
ачлах үзэл санааны тухай”, мөн БНХАУ-ын оюутан О.Са Рина “Монгол Улсын гэр
бүлийн эрх зүйн зохицуулалт” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Оюутан судлаач
Д.Юмчинхорлоо илтгэлдээ, ачлал нь монголчуудын ёс суртахууны эрхэмлэх үнэт
зүйлийн нэг байсныг Чингис хааны билиг сургааль, Монголын Нууц товчоо, Их засаг
хууль зэрэг түүхийн эх сурвалжуудаар нотлон өгүүлсэн юм.
Тухайлбал, XIII зууны үед ачлал нь эцэг, эх, ахас ихсийн санааг зовоож, сэтгэлийг чилээхгүй байх, үг сургаалыг дагах, гэрээ захиасыг биелүүлэх, асран тэтгэх зэрэг хэд хэдэн агуулгатай байсныг дурдлаа. Монголчууд аливаад ачлалгүй үр хүүхэд, дүү хүмүүсийг хүнд шийтгэн, ачлалгүй байхаас сэрэмжилдэг байжээ. Мөн XIII, XIV зууны монголчууд эцэг, эх, тэргүүтэн өвөг дээдэстээ ачлал хүндэтгэлтэй байхыг гэр бүл, төр улсын аль аль түвшинд чухалчилж, эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл мөн хэмээн үзэж байсныг тэрбээр илтгэлдээ өгүүлсэн юм.
Түүхийн эх сурвалжаас үзэхэд монголчууд ачлах үзэл санааг нийгмийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл хэмээн үзэж байжээ.
БНХАУ-ын оюутан судлаач О.Са Рина илтгэлдээ, Монгол Улсын гэр бүлийн харилцаа, энэ талын хууль тогтоомжийн түүхэн уламжлалыг Монгол Улсын нийгмийн байдлаар он оноор гарган, гэр бүлийн одоогийн эрх зүйн байдал, хөгжилтэй холбон бүрэн хөндсөн юм. Тэрбээр, түүхэн эх сурвалжийн нэг жишээг авч хэлэхдээ, Монгол-Ойрадын хуульд, эмэгтэй хүнийг 14 наснаас нөхөрт гаргаж болохыг зөвшөөрч, ураг тогтоосноос хойш хүүхнийг 20 нас хүртэл хадам нь гэртээ аваачдаг. Ингэхгүй бол хадам болсон эцэг, эхэд 3 удаа мэдэгдэх ёстой. Тэгээд арга хэмжэ авахгүй, амжихгүй бол дараа нь 2 талын ноёнд мэдэгдэж болно хэмээн заасныг дурдлаа. Дээрх бүх арга хэмжээг авсны дараа хүүхнийг өөр айлд шинээр бэр болохыг зөвшөөрдөг байжээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Их
сургуулийн оюутан Д.Хачинфугаас “Монгол хотон: Угсаатны гарал үүсэл, түүний
үндэстэн дамнасан байдал”-ын талаар яагаад судлах болсныг тодруулбал, хотонгууд
нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гээд хил залгаа орнуудыг дамнан аж төрж буй, бие
даасан соёл, өвийн уламжлал юм гээд, үүнтэй уялдан судалгаа хийх болсноо Монгол
орны, Монгол Улсын түүх, соёл, үндэс угсаа, нүүдэлчдийн өв уламжлал, гарал үүсэл,
нийгмийн байдлыг дэлхий дахинд их сонирхох байгаатай холбон тайлбарлаж байлаа.
Тэрбээр, манай улсын Увс болон Ховд аймагт очиж судалгаа хийжээ. Өөрийн орондоо Хөх
нуур, Шинжаанд болон Рашаан аймагт мөн ажиллажээ.
Түүх, угсаатны судлалын Залуу монголч судлаачдын салбар хуралдааныг Япон улсын эрдэмтэн Бүрэн даргалж, нарийн бичгийн даргаар БНСУ-ын судлаач оюутан Жин Сон Хан нар ажиллалаа.