Сэтгүүлч, яруу найрагч С.Бараанасанд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн өдрөөр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Бараанасанг Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр, Монголын радиогийн орон нутаг дахь сэтгүүлч, Архангай аймгийн “Толь” сонины сэтгүүлчээр ажиллаж байгаа юм.
Шагнал гардсаныхаа дараа тэрбээр, “Халгиж цалгисан золбоотой, сайхан төрөлх аймгийнхаа 100 жилийн ойн өдрөөр энгэрээ мялаасандаа баяртай байна. Монголын радиогийн “Таван эрдэнэ”, “Ургацын далай” нэвтрүүлэг гэхчлэн хөдөөгийнхөнтэй ойр явсан. Монголынхоо 21 аймаг, 265 сумаар тойрсон сайхан ажилтайдаа бахархаж явдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Архангай аймгийн утга зохиолын “Хан төмөр” төвийн гишүүн тэрбээр хүүхдийн зохиолын “Шүүг, шааг, шүжиг, шажиг” номоороо уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр “Хэрлэн Тэнүүн”, “Тунсаг аялгуу”, “Гүнжийн бэлэг”, “Намрын тэнгэр”, “Саран хээрлэх дорно” зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолууд, алдарт “Хардал бэйсийн унага”, “Хүү чинь зүүдэндээ”, “Балжийн гол”, “Ононы шугуй” зэрэг дууны уран бүтээл, мөн баримтат уран сайхны кино, нийтлэл, урлал уран зохиол судлалын бүтээлүүдийг туурвижээ.