Бүх нийтээр амрах өдрийн тоо нэгээр нэмэгдэнэ
ТОЙМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ 2023 оны 7 дугаар сарын 5-нд хийлээ. Хуулийн эцсийн
хэлэлцүүлэг хийнэ гэдэг нь хуулийг батлах төвшинд хүрсэн гэж ойлгож болно.
Эцсийн
хэлэлцүүлэгт орсон хуулийг редакц сонсоод УИХ дээр санал хурааж батална.
Үндэсний их баяр наадамд 512 бөх барилдсан нөхцөлд 9 давж түрүүлсэн бөх улсын
арслан цол хүртдэг. Улсын арслан цолтой бөх түүрүүлсэн нөхцөлд улсын аварга
болдог. Улсын аварга цолтой бөх түрүүлсэн нөхцөлд даян аварга болдог. Харин
даян аварга цолтой бөх түрүүлсэн нөхцөлд ямар нэг хуулийн зохицуулалт байгаагүй
юм байна. Тэгвэл Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Даян
аварга цолтой бөх түрүүлсэн нөхцөлд дархан аварга цол олгох нөхцөлийг
бүрдүүлжээ. Тодруулбал:
- “улсын
арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга /9.3.6/;
- улсын
аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга, даян аварга цолтой
бөх ес даван түрүүлбэл дархан аварга /9.3.7/;” гэжээ.
Улсын
баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох зохицуулалтыг дээрх
байдлаар хэлбэршүүлжээ. Харин Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэж,
шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр
зохицуулах нарийвчлалтай. Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Аймгийн баяр
наадамд 16 насанд хүрсэн 128 хүртэлх бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд
аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан арслан
цол олгоно /9.5/”. гэсэн заалт бий.
Хуулийн
энэ заалт аймаг байгуулагдсаны тэгш ойн жилд уг наадамд хуульд заасан /128/-аас
дээш тооны бөх барилдах боломжийг хязгаарладаг хэмээн үзжээ. Ийм учраас энэ
хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн арслан цол олгоно.” гэсний
дараа “Аймгийн тэгш ойн баяр наадамд 256 хүртэлх бөх барилдаж болно.” гэж
нэмэлт оруулах болжээ.
Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын “11,” гэснийг “10,11,” гэж өөрчлөх, Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн “аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.” гэж, Нийтээр тэмдэглэх баярын болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;” гэж нийтээр тэмдэглэх буюу нийтээр амрах өдрүүд болгохоор тусгажээ.
Нэр бүхий хуулиудад дээрх өөрчлөлт орсноор 7 дугаар сарын 10, 11,
12, 13, 14, 15-ны өдрүүдэд бүх нийтээр
амарна. Үндэсний баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх буюу нийтээр амрах өдрүүдийн тухай
хуулиуд, хоорондын зөрчил арилна.
УИХ хууль хоорондын зөрчлийг арилгах энэ хуулийн төслийг маргааш 2023 оны 7 дугаар сарын 7-нд батлах төлөвтэй байгаа юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт батлагдсан өдрөөсөө
дагаж мөрдөхөөр тусгажээ. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар 7 дугаар сарын 10 буюу Даваа гарагт бүх нийтээр амарна. Бүх нийтээр амрах өдрийн тоо нэгээр нэмэгдэнэ.