Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг хүлээн авч байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-06-23 14:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Улс төрийн намын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагджээ.


Ажлын хэсэг хуулийн төслөө боловсруулаад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намуудад хүргүүлж, саналыг тусгаж, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл нь 7 бүлэг, 46 зүйлтэй хуулийн төслийн нийтлэг үндэслэлд улс төрийн намыг байгуулахтай холбоотой иргэний эрхийг хэрхэн тусгасан талаар дэлгэрүүлэн авч үзье.


Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих нь хувь хүний итгэл үнэмшлийн бүрэлдэхүүн хэсэг нь байдаг өөрийн өвөрмөц онцлогтой. Энэ онцлогийг доор дурдсан байдлаар хуульд суулгаж хэлбэршүүлжээ. Тухайлбал:

  • Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд иргэнийг болон тухайн намыг аливаа хэлбэрээр мөшгөн хавчих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно /5.2/.
  • Намын гишүүн төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдвол уг албыг хаах хугацаанд намын гишүүнээс түдгэлзэнэ /5.3/.
  • Иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эсхүл албадан намд элсүүлэх, эсхүл ийм зорилгоор хууль бус нөлөөлөл, шахалт үзүүлэхийг хориглоно /5.4/.
  • Хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй /5.5/.
  •  Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хувийн байдлыг тодорхойлсон албаны бичиг баримтад тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль нэг намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно /5.6/.
  • Намын гишүүн хэдийд ч намаас өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүнээс гарах тухай өргөдлийг гаргаснаар намаас гарсанд тооцно /5.7/.
  • Төр, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй /5.8/.
  • Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон бөгөөд хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно /5.9/.
  • Энэ хуулийн зөвшөөрсөн хязгаарлалт нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно /5.10/.
  • Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож үл болно /5.12/.
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн нам үүсгэн байгуулахад оролцохыг хориглоно /5.13/.

Улс төрийн намын эрх, үүрэг

  •  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах /7.1.1/.
  • намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах /7.1.2/; .хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох /7.1.3/,
  • хуульд заасны дагуу орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрийн өмчтэй байх /7.1.4/.
  • Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох /7.1.5/.
  • бусад намтай эвсэл байгуулах /7.1.6/.
  • олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагуудтай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх /7.1.7/.
  • .нам хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах /7.1.8/
  • иргэдийн мэдээлэл авах, соён гэгээрүүлэх хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу сум, дүүргийн соёлын төв, театр, иргэний танхимыг үнэ төлбөргүй ашиглах /7.1.9/.
  • Нам нь Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй /7.2/.

Намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх

  • Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно /8.1/.

Хуулийн, намын төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна гэж заасан байгууллагын бүрэлдэхүүнийг сонгоход болон төрийн улс төрийн албан тушаалд намаас санал болгож сонгогдох, томилогдох нэр дэвшигчийг тодруулахад дараах шаардлагыг хангана. Түүнд:

  • нууц санал хураалт явуулах /8.2.1/.
  • гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах /8.2.2/.
  •  аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх /8.2.3/ гэжээ.

Улс төрийн намын дүрэм, хөтөлбөрийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах болон сонгуульд нэр дэвшигчийг санал болгоход намын гишүүдийн саналыг сонсож оролцоог хангана. Тодруулбал:

  • Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана /8.5/.
  • Нам бодлого, үйл ажиллагаандаа хувь хүн болон нийгмийн бүлгийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно /8.6/.

  • Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн дагуу намын үйл ажиллагаа дахь жендерийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендерийн үндэсний хороонд хүргүүлнэ /8.7/. 

Мөн “аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх”, “Намын төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна” гэсэн энэ хоёр шаардлагыг хангаагүй намд тухайн зөрчлийг арилгах талаар сонгуулийн төв байгууллага сануулна. Ийнхүү сануулсан өдрөөс хойш 6 сарын дотор уул зөрчлийг арилгаагүй бол сонгуулийн төв байгууллага тухайн зөрчлийг арилгах хүртэл төрийн санхүүжилтийг зогсоох юм байна.


Ил тод байдлыг хангах  

Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана, тодруулбал:

  • Хуульд өөрөөр заагаагүй бол намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулна /9.1/.
  • Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, мэдээлэл авах боломжоор хангана /9.2/.
  • Нам өөрийн бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг цахимаар явуулж болно. Ингэхдээ сонгуулийн төв байгууллагаар баталгаажсан программ хангамжийг ашиглана /9.3/.
  • Цахим хуралдаан, санал хураалтын үр дүнд гарсан шийдвэрийг хүчинтэйд тооцно. Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй /9.4/.
  • Нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ /9.5/.
  • Нам цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод байршуулж, тухай бүр шинэчилнэ /9.6/

Намын үйл ажиллагааг ингэж нарийвчилж зааснаараа хуулийн төслийн гол онцлог, ач холбогдол оршиж байгаа гэж уг хуулийн төслийн үзэл баримтлалд онцолжээ. Намын удирдах дээд байгууллагыг бүрдүүлэхэд Улсын Их Хурал болон бусад байгууллагад улс төрийн намаас нэр дэвшигчийг тодруулахад ардчилсан зарчмыг хангах, торуулбал:

  • нэр дэвшигчийг нууц санал хураалтаар тодруулах,
  • гишүүдийн оролцоог хангах, хүйсийн төлөөллийг 30 хувиас доошгүй байх,

Намын үйл ажиллагааг цахимаар явуулах

Намын бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар хураах, хандив цуглуулах болон бусад ажиллагаа, нийгэмд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг цахимаар явуулж боломжтой. Гэхдээ сонгуулийн төв байгууллагаар баталгаажсан программ хангамжийг ашиглах учиртай юм байна. Нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.


Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад нам албан ёсоор нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бүртгүүлэх шаардлагатай юм байнаЦахим хуудастаа нам дараах баримт бичиг, мэдээллийг ил тод байршуулж, тухай бүр шинэчилнэ, торуулбал:

  • намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг /9.6.1/.
  • намын дүрэм /9.6.2/.
  • намын хөтөлбөр /9.6.3/.
  • намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа хаяг /9.6.4/.
  • намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /9.6.5/.
  • намын удирдах дээд байгууллага эсхүл төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага, хяналтын төв байгууллагын дарга, гишүүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр /9.6.6/.
  • намын гишүүний тоо /9.6.8/.
  • намын санхүүгийн тайлан /9.6.9/.
  • намын үйл ажиллагааны товч тайлан9.6.10; .нам аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр /9.6.11/.
  • намын бүтэц, зохион байгуулалт /9.6.12/.
  • намын үйл ажиллагааны мэдээлэл /9.6.13/.

Түүнчлэн улс төрийн намууд цахимаар ажиллах, цахим хуудастаа намын дүрэм, хөтөлбөрөө байршуулах зэрэг нь ямар нэг хуулийн зохицуулалтгүй явж ирсэн байна. Тэр бүхэнд “Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл батлагдан хариулт өгнө. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудад төрөөс олгох санхүүгийн дэмжлэг үзүүлэх зарчмын шинжтэй өөрчлөлтүүд олон шинэ зүйл заалт орсон байгааг дурдахгүй орхиж болохгүй.  


УИХ-ын даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр захирамжаар Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсэг, дэд хэсэг УИХ-д суудалтай болон бусад нам, байгууллага, хувь хүнээс ирүүлсэн саналыг судлан хуулийн төсөлд тусгаж байгаа юм байна.

関連ニュース