Нийслэлийн үнэт цаас гаргахаар бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-16 10:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав.


Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасны дагуу Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран, холбогдох байгууллагаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан. Энэ асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл хангаж байна.



Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, үйл ажиллагаанд санхүүжүүлэх зохицуулалттай. Тодруулбал, төсөвт тусгасан, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, мөн тухайн төсөл, үйл ажиллагааны төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.


Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараа үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Мөн Засгийн газраас зөвшөөрөл авч, НИТХ-аар дахин хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Хотын дарга Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргах гэж байгааг онцлоод, хотын эдийн засгийг дэмжиж, тулгамдсан асуудлаа бие даан шийдэх боломж олгоно гэдгийг хэлж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болжээ.

関連ニュース