Тогтвортой хөгжихийн төлөөх Монголын чармайлт

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-06-16 17:54:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 7-13-нд болсон юм. Энэ арга хэмжээг МОНЦАМЭ агентлаг, Удирдлагын Академи, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.


Энэ зөвлөгөөн нь тогтвортой хөгжихөд засаглалын асуудал ямар үүрэгтэй, засаглалын хувьд байгууллагууд хэрхэн хамтран ажиллах,  үр дүнтэй засаглалыг яг ямар арга замаар хэрэгжүүлэх, манай улсад тогтвортой хөгжлийн зорилго аль түвшиндээ яваа юм, ямар шаардлага шалгуурыг хангавал бид тогтвортой хөгжих вэ гэдгийг ярилцсан, туршлага хуваалцан судалсан өндөр түвшний арга хэмжээ болсон. Олон улсын шилдэг экспертүүд цахим болон танхимаар илтгэл тавьж, 80 гаруй төрийн албан хаагч, мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид энэхүү зөвлөгөөнд оролцсон юм. Оролцогчид үр дүнтэй засаглалын зарчмууд, Тогтвортой хөгжлийн зорилтод /ТХЗ/ хүрэх Монгол Улсын алсын хараа, үзэл баримтлалын талаар тодорхой ойлголттой болж, бодлогын уялдаа холбоог хангах засаглалын чадавхыг дээшлүүлэх, гамшгийн үед хэвлэл мэдээллийнхэн ямар үүрэгтэйгээр, хэрхэн ажиллахад суралцсан. Зөвлөгөөнд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар тэргүүлэх үүрэгтэйгээр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар бусад агентлагийг манлайлан оролцож, засаглалыг сайжруулахад улс орнуудын туршлагыг хуваалцан, бид хамтраад юу хийж болох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Монгол Улсын 3.4 сая хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг, өргөн уудам газар нутагтай, засаглалын хувьд онцгой нөхцөл шаарддаг өвөрмөц улс билээ. Тийм ч учраас улс орны хөгжлийг тогтвортой урагшлуулахад ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй болдог. Энэ хүчин чармайлтад дэм үзүүлэх, олон улсын туршлагыг хуваалцахад энэ арга хэмжээ онцгой ач холбогдолтой байв.

Монгол бол дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаас хоцрохгүй байхыг эрмэлзэж, хөгжил дэвшлийн харьцангуй нээлттэй бодлого баримталж ирсэн улс. Тиймээс ч 2030 он хүртэл хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй ижил тэгш зарчмаар хөгжих НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны улсуудын нэг болсон юм. НҮБ-ын гишүүн улс орнуудын нэгдэн орсон бүх нийтийн энэ зорилго нь ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгох, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгах гэх мэт хүн төрөлхтөн, улс орнуудын  хөгжиж дэвших хамгийн сайн арга замууд билээ.

 

Манай улс 2020 онд “Алсын хараа-2050” хэмээх урт хугацаанд хөгжих төлөвлөгөө буюу бодлогын баримт бичигтэй болсон. Энэ баримт бичиг дэлхий нийтийн хөгжлийн төлөөх зорилготой уялдаатай. Өөрөөр хэлбэл “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт нь Тогтвортой хөгжлийн дээрх 17 зорилготой агуулга санаа нэг гэж ойлгож болох юм. Энэ ч утгаараа Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-д төр засгийн хэмжээнд онцгой ач холбогдол өгсөөр байгаа.

 

Одоо харин манай улсын хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, хөгжлийн төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг ямар үзүүлэлтээр хэрхэн дүгнэх юм, аль нь яаж биелж, аль нь хэрэгжихгүй байна гэдгийг баримжаалах зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Тиймээс НҮБ-ын ТХЗ-уудын хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг гаргадаг аргачлалд суралцах, түүгээрээ дамжуулан манай засаглал хэр үр дүнтэй байна вэ гэдгээ нэгтгэн дүгнэхэд анхаарч эхлээд байна.  

 

НҮБ ирэх таван жилд Монгол Улсад хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ гэдэг баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ баримт бичгийн хүрээнд засаглал гэдэг нь Монголд хэрэгжүүлэх гурван үндсэн чиглэлийн нэг буюу ач холбогдолтой сэдэв байгаа тул зөвлөгөөнд оролцсон удирдах түвшний хүмүүс эндээс цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болох чухал туршлагыг хуримтлуулсан байх бололцоотой.

 

Энэ үеэр бүх яамны төлөөлөл, удирдлагын түвшний төлөөлөгчид оролцон, засаглалыг сайжруулах чиглэлээр суралцан, улс орны тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд засаглалыг хэрхэн, яаж үр дүнтэй болгоход анхаарлаа төвлөрүүлж ярилцсан. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтыг төрийн албан хаагчдад хэрхэн үр дүнтэй хүргэх, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх аргачлалыг Удирдлагын академийн багш нар заалгасан юм. 

 

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, “Зөвлөгөөнд оролцогчид өөр өөрийн байгууллагад тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бидний оролцоо юу байх юм бэ гэдэг замын зургуудаа зурж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулахад энэ маш том дэмжлэг үзүүлэх ажил боллоо. Тухайлбал, Удирдлагын академи яг ямар төлөвлөгөөгөөр тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөөгөө үзүүлж чадах вэ гэдгээ загвар болгон танилцуулсан. Тогтвортой хөгжихөд хүн бүрийн оролцоо чухал. Тэр дундаа төрийн албан хаагчийн тууштай үйл ажиллагаа хэрэгтэй. Тийм учраас хэрхэн ажиллах вэ гэдэг тал дээр Удирдлагын академи төрийн албаны сургалтын байгууллагын хувиар дэмжлэг үзүүлж ажиллах төлөвлөгөөндөө тусгасан” гэсэн юм.

 

Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээхэд ахицтай ажиллаж байгааг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн. Мөн тэрбээр, “Монгол Улсын засаглал нь нээлттэй болж байгаа ч удирдлагын түвшний тухайд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь хүчний тэнцвэргүй байдалд байна. Ийм үед засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэлээн хүчин чармайлт хэрэгтэй. Дэлхий дахинд ТХЗ-г хэрэгжүүлэхийн тулд улс төрийн зоригтой алхмууд хийх хэрэгтэй. Сайн засаглал гэдэг нь нэг нэгнийгээ дэмжсэн, хамтын ажиллагаа байдаг. Тогтвортой хөгжлийг тууштай зорьж, ахиц дэвшил гаргаснаар хойч үе, ирээдүйдээ сайн суурь тавьж өгөх юм. Монгол Улсын Засгийн газар аль болох нээлттэй засаглалыг бий болгоход хүчин чармайлт гаргаж байна. Жишээ нь, өнөөгийн Засгийн газар, Ерөнхий сайдын санаачилгууд, засаглалыг нээлттэй, үр ашигтай, үр дүнтэй байлгах хэлбэрүүдийг түлхүү санал болгож байгааг харахад Монгол Улс зөв чиглэлд явж байна” гэж ярьж байлаа.

Тогтвортой хөгжлийг бий болгох олон чухал асуудлын нэг нь шударга байдлыг төлөвшүүлэх явдал. Хэрэв тухайн нийгэмд шударга, ил тод байдал төлөвшиж, ухамсар, хандлага, хариуцлагын зарчим үйлчилдэг болж эхэлбэл зөв голдирол руугаа орж эхэлдэг байна. Нэг ёсондоо ёс зүйтэй харилцааг, ялангуяа төрийн байгууллагууд онцгойлон хэрэгжүүлж байх шаардлагатайг сургалт семинарын илтгэлүүдэд онцгойлон ярьж байв.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсын хувьд авлигатай хэрхэн тэмцэж байгаа, цаашид авлигагүй улс болоход юун дээр анхаарах тухай бүлэг сэдвийг хөндөж ярилцсан юм. 

Монгол Улс анх 1996 онд авлигын эсрэг хуультай болсон бөгөөд 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон байдаг. Мөн 2007 онд Авлигатай тэмцэх газрыг байгуулж, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан улс. 2020 онд баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ”Алсын хараа-2050”, 2021 онд баталсан Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогод авлигын эсрэг хийх алхмуудаа тодорхой тусгасан. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан Төрийн бүтээмжийн сэргэлтийн нэгэн агуулгад  авлигатай эрчимтэй тэмцэх тухай асуудал бий юм. Цахим шилжилтийг үр дүнтэй ашиглах, өөрөөр хэлбэл Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлэх нь авлигын үндсийг таслах нэгэн арга хэрэгсэл болно гэж үзэж байгаа юм. Мөн Засгийн газраас авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааг эрчимтэй өрнүүлж эхэлсэн нь олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэл харьцангуй нээлттэй болж, эерэг хүлээлт үүсээд байгаа билээ. Монгол Улс и-засаглалын хөгжил индексээр 2022 онд дэлхийн 193 орноос 74-т эрэмбэлэгджээ. Энэ нь 2020 онд 92-т жагсаж байснаасаа 18 байраар урагшилсан үзүүлэлт билээ.  

 

Монгол Улсын Засгийн газрын анхаарал тавьж буй гол асуудал бол хөдөө дэх боловсролын байгууллагын чанар чансааг нэмэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, эрүүл мэндийн байдлыг сайжруулах замаар орон нутгийг хөгжүүлэх явдал. Ерөөс улс орны хэрэгжүүлж буй бодлого ганцхан төвдөө бус орон нутагт ч амжилттай хэрэгжиж байвал ТХЗ илүү үр дүнтэй болно гэдэг чиг шугамыг Монголын төр баримталж байна.

 

Зөвлөгөөний үеэр, НҮБ-ын Бүс хоорондын ахлах зөвлөх Вероник Эдит Д Вербругген, “Бодлого боловсруулах нь нэг хэрэг, үүнийгээ улс орон даяар хэрэгжүүлэх нь чухал. Системийн сэтгэлгээ аргачлал гэдэг нь аливаа асуудлын зөвхөн илэрч буй байдлыг засах бус, учир шалтгааныг углуургаар нь олж тогтоон, цогц уялдаа холбоогоор нь залруулах явдал гэдгийг тэмдэглэн хэлж байв. 

 

Мөн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Төрийн байгууллага, цахим засаглалын хэлтсийн дарга Жуванг Жу зөвлөгөөний үеэр цахимаар оролцсон юм. Тэрбээр, “Дэлхий даяар нийтлэг сорилтуудыг даван туулах хүндхэн нөхцөл байдалд иргэдийн төрд итгэх итгэл багассан. Энэ итгэлийг сэргээхэд төрийн байгууллагын суурь үйлчилгээг сайжруулах нь чухал юм. Үүний тулд иргэдийн оролцоотой бодлого боловсруулах, ил тод, шударга байхад анхаарснаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээж, улмаар засаглалын тогтолцоог сайжруулна. Монгол Улс нийгэм, байгаль орчны чиглэлд ахицтай байгаа ч улс төрийн манлайлал, төрийн засаглалд бэрхшээл байна. ТХЗ-г урт, дунд хугацаанд хэрхэн сайжруулах, төрийн албан хаагчдын идэвхтэй оролцоог хангаснаар үр дүнтэй засаглалыг бий болгох боломжтой” гэж байсан юм.

 

Зөвлөгөөний нэгэн том сэдэв нь гамшгийн эрсдлийн мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн түгээх тухай байв. Дэлхий нийтээр гамшгийн эрсдлийг бууруулахад анхаарч, улс орон бүр эрсдлийг даван туулах чадвартай болохын төлөө хүчин чармайлт гаргаж байна. Манайх ч мөн адил энэ тал дээр анхаарлаа хандуулах болсон.



Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр семинарын үеэр, "Үе үеийн төр засгаас тогтвортой хөгжлийн зорилтын гол шалгуурын нэг болох гамшгийн эрсдлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд тодорхой алхам хийж байгаа. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрт ч үүнийг тусгасан” гэдгийг хэлж байлаа.







Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос:

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хувьд гамшиг, онцгой байдлын нөхцөлд ажиллах туршлага дутсан, бэлэн биш байсан. Гэхдээ ийм үед ажиллах чадавхыг тодорхой түвшинд дээшлүүлсэн. 

Гамшиг, онцгой байдлын нөхцөл тэр бүр тохиодоггүй Монгол орны байдал нь хэвлэл мэдээллийнхнийг тийм ч идэвхтэй бус, аливаа гамшгаас сэрэмжлүүлэх, болсон үйл явдлыг дамжуулан мэдээлэх төдий үүрэгтэй болгосон нь нууц биш. Онцгой нөхцөл байдал, гамшиг ослын үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ажиллах дүрэм журмыг товч, тодорхой гаргах шаардлагатай байдаг. Энэ ажлыг олон улсын байгууллагын дэмжлэгээр, гаднын улс орнуудын сайн туршлагыг судлан, үндэсний онцлогтоо тохируулж, холбогдох байгууллага хамтраад, цаг алдахгүй хийх шаардлагатай. Нөгөө талаар төрийн эрх бүхий байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулан, мэдээллийн шуурхай, үнэн зөв байдлыг хангах нь орчин үеийн ил тод, нээлттэй байх шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

 

НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Тамгын газрын дарга Санжаяа Батяа:

Олон аргыг ашиглан гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эрсдэлийг бууруулж болно. Гамшгийн үед тодорхойгүй байдал үүсдэг тул иргэд ойлголт мэдлэгтэй, бэлэн байдалд байхад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Иймд Засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшгийн эрсдэлийг буруулахад хамтран ажиллах шаардлагатай.  


НҮБ-ын Засаглалын төслийн албаны Чадавхыг бэхжүүлэх мэргэжилтэн Самуэль Данаа:

Сургалтын үеэр, мэдээллийг айдас хүйдэсгүй, тэнцвэртэй өгөх нь иргэдийн хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлдөг. Мөн онц байдлын нөхцөлд сурвалжлагыг шуугиан тарихгүйгээр ёс зүйтэй, зөв мэдээллийг чиглэсэн бүлэгт хүргэх нь хэвлэл мэдээллийнхний үүрэг юм. Эмх замбараагүй байдал үүсгэхээс болгоомжлох, тэр ч бүү хэл хүн амын албан ёсны хэлээр, тухайн соёлд нь нийцсэн байдлаар ойлголт өгөх нь хамгийн чухал.

 



Монголд тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхийг эрмэлзэж чиглэсэн арга хэмжээнүүд сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байгаа ч асуудал, бэрхшээлийг арилган эмчилж, тодорхой түвшинд хүртэл сайжруулахад цаг хугацаа багагүй шаардагдахаар байна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг 2030 он гэхэд хэрэгжүүлэх амлалт өгөөд байгаа. Тогтвортой хөгжлийн зорилгыг (ТХЗ) хэрэгжүүлэхэд 126 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж буй. Энэ нь манай улсын ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Монгол Улсын Засгийн газар ирэх таван жилд НҮБ-ын системээс хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2027 он хүртэл байгуулсан бөгөөд үүнд хүн төвтэй засаглал, шударга ёс, бат бөх төрийн институц гэсэн зорилгуудыг тусгасан юм.

関連ニュース