Боловсролын салбар боловсон хүчнийхээ эрэлд гарсан уу?
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээлэл судалгаанд 2022 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 1280, орон нутагт 29 мэргэжлийн 732 багш дутагдаж байна гэж дурьджээ.
Багшлах боловсон хүчин дутагдалтай болсноор барахгүй ойрын жилүүдэд дорвитой арга хэмжээ авахгүй бол боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд гүн гүнзгий орох эрсдэл өндөр байгааг олон талын судалгаа харуулах боллоо. ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дурдсанаар, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн тоо жил бүр нэмэгдэж байхад сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш мэргэжлээр элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар байгаа аж. Салбарын яамнаас дутуу орон тоог нөхөх зорилгоор тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулах, хөдөө орон нутагт бол бусад сумын багшийг цахимаар хичээл заалгах, дутагдалтай нарийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудтай гэрээ байгуулж ажиллуулах гэх мэтээр аргацаах болсон гэдэг. Үүнийг БШУЯ-ы зүгээс тайлбарлахдаа “гол төлөв сургуулийн өмнөх боловсролын шатанд, тухайн шаардлагатай нутаг оронд тэтгэвэрт гарсан багш нарыг урьж ажиллуулах зохицуулалт хийж байгаа. Мөн хөдөө орон нутагт багшаар ажиллахыг хүсэгчдийн тоог нэмэгдүүлэх ямар аргууд байгааг сүүлийн жилүүдэд эрчимтэй хайж эрэлхийлэх болсон” гэж байгаа юм. Гэвч цаашид багшлах боловсон хүчин бэлтгэх тал дээр бодлогын түвшинд анхаарах зүй ёсны шаардлага нэгэнт тулгарсан нь бодит үнэн билээ.
ХЭҮК-ын судалгаа, илтгэлд боловсролын салбар ийнхүү хүний нөөцийн дутагдалд орсон шалтгааныг нийгмийн баталгаа болон ажлын ачаалал зэрэгтэй холбон тайлбарлажээ. Мөн нэг багшид оногдох хүүхдийн тоо стандартаас дор хаяж 10-20 хүүхдээр илүү, нийслэл болон аймгийн төвд анги дүүргэлтэд 40-50 сурагч хамрагдаж байгаа нь багшид оногдох ажлын ачааллыг нэмэгдүүлж, сургалтын чанарыг бууруулахад хүргэж байна гэж дээрх байгууллага дүгнэжээ. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС-ийн бага ангийн бүлэг дүүргэлт хөдөө орон нутагт стандарт хэмжээнд байна. Нийслэлийн зарим дүүрэгт бага ангийн бүлэг дүүргэлт 36-39 байгаа нь стандартаас давсан үзүүлэлт гэжээ. Дээрх хоёр байгууллагын судалгаа мэдээллээс харахад ч, бодит байдал дээр дүгнэхэд ч ерөөс багш нарын ачаалал хэмжээнээсээ хэтэрсэн.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны хамтарсан тушаалаар цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны
цалин хөлсийг тооцож олгох тухай журамд “анги дүүргэлтийг бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн
бүлэг дүүргэлтийг 25-30, харах, сонсох эрхтэний, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
сургуулийн бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн
бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна” гэж заасан байдаг.
Мөн түүнчлэн нийгмийн байдлыг нь орхигдуулахгүй байх эн тэргүүний
шаардлага ч нэгэнт бий болсон. Тухайлбал, багш мэргэжил нь өөрөө сургалтын хэрэглэгдэхүүн, түүнийгээ бэлдэх боломж
бололцоо, цаг хугацаа, орон зай гэх мэтийг тодорхой хэмжээгээр байнга шаардаж байдаг онцлогтой. Иймэрхүү хамгийн
наад захын хэрэгцээгээ ч шийдэж чадахааргүй хэмжээнд хүртлээ нийгмийн байдал нь
тааруу үнэлэгдэх болсныг энэ салбарт ажиллагсад нууж хаалгүй учирлах болсон
билээ.
Ерөөс нийгмийн баталгаа, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл байдал нь
аль ч салбарт ажиллагсдын хувьд эн тэргүүнд хөндөгдөж байдаг, анхаарч байх
ёстой гол чухал сэдэв. Ялангуяа боловсролын салбарынхаа ирээдүйг өнгө гэрэлтэй
байлгахын тулд тусгайлсан бодлого манайд яах аргагүй хэрэгтэй болжээ. Нийгмийн баталгаа
гэдэг нь багш нарын судалгаа шинжилгээний ажил хийх зэрэг мэргэжлийн хувьд өсөж
хөгжих боломжид хүртэл нөлөөлж байдаг байна. Аливаа асуудлыг материаллаг
байдлаар шийдэх нь оновчтой арга биш боловч нэгэн талын хөшүүрэг нь яах аргагүй
мөн. Манай улсын хувьд энэ хөшүүргийг ойрын үед онцлон хэрэгжүүлэхгүй бол, багшлах
ажлаас халшрах, ажиллах урам зориггүй болох хандлага газар авбал түүнээс үүдэх
сөрөг үр дагаврыг арилгахад бэрх болно.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн Ерөнхий боловсролын
сургуульд 32 мянга орчим багш ажиллаж байгаа
бөгөөд яг одоогийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явбал энэ тоо ердөө 2025 он
гэхэд 40 мянгад хүрэх, 2050 он гэхэд 50 мянган багшийн хэрэгцээ бий болно гэж
байгаа. Тэгэхээр багшийн ачаалал болон суралцагчийн судалж байгаа
хичээлийн тоо зэргийг харгалзаж, БШУЯ-аас 2024 оноос эхлэн дараагийн хөтөлбөрийн
шинэчлэлийг эхлүүлэх бэлтгэл ажил явагдаж байгааг албаныхан хэлж байна. Хөтөлбөрийг
ямар байдлаар боловсруулбал олон улсад зөвшөөрөгдсөн стандартад хүрэх, нэг
хүүхдийн судлах олон хичээлийн тоог цөөрүүлэх зэрэг гарц гаргалгааг эрж, судалж
байгаа аж.
БШУЯ-ны зүгээс багшлах
боловсон хүчний төгсөж байгаа болон шинээр бий болж байгаа эрэлт хэрэгцээ
тэнцвэртэй байдаг боловч хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор зарим
аймаг орон нутагт багшийн хүрэлцээ доголдох асуудал байдгийг тайлбарлах нь бий.
Өөрөөр хэлбэл, ихэнх их, дээд сургууль нийслэлд байршилтай. Төгсөгчдийн 80-90
хувь нь хөдөө орон нутгийн хаягтай атлаа их, дээд сургуулиа төгсөөд хотод үлдэж
ажиллах сонирхолтой байдаг байна. Энэ нь хөдөө орон нутаг руу очиж ажиллах
залуучуудын тоог цөөн байлгаж буй нэг шалтгаан гэнэ.
2022-2023 оны хичээлийн жилд 80 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орсон нь цар тахлын өмнөх буюу 2019-2020 оныхтой харьцуулахад нэг дахин нэмэгдсэн тоо. Энэ нь бага ангийн багшийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж өгсөн байдаг. Бага ангид элсэн орох хүүхдийн тоо энэ хэвээр үргэлжилбэл бага болон дунд боловсролын багш нарын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсээр байх нь тодорхой.
Хэрэв багш мэргэжлийн үнэлэмжийг нь өсгөж чадвал багш бэлтгэх сургуулиудад элсэгчдийн тоо нэмэгдэх, чанар чансаа өндөртэй багш бэлтгэгдэх, багшийн хомсдолд гүн гүнзгий нэрвэгдэхгүй байх бололцоо бий. Иймийн учир багш бэлтгэх бодлогодоо салбарын яам онцгойлон анхаарч, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамжийг бодлогоор, үе шаттайгаар сайжруулна гэж зорьж байгаагаа, зарим ажлыг эхлүүлснээ ч тайлбарладаг. Ерөөс боловсролын салбарыг боловсон хүчнээр дутаахгүй байхын тулд багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ нийгмийн баталгааг өндийлгөж дээшлүүлэх нь зүй ёсных билээ.