БАЯНХОНГОР: Цэргийн алба хаах залуус албандаа мордлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2023 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг үдэн гаргах үйл ажиллагааг Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2023.05.03/ зохион байгуулав.
Цэрэг хүний тэсвэр хатуужилд суралцан, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, ХБТХОХ-ын дарга Т.Хишигбаатар, ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав, НҮА-ны дарга, бэлтгэл хурандаа Ц.Түвшинжаргал болон төрийн цэргийн байгууллагын анги нэгтгэлийн удирдлага сумдын ЗДТГ-ын дарга нар, ар гэрийнхний хамт үдэн гаргаж өглөө.
Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээ авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, мөнгөн хуримтлал бий болгон, бие бялдрын хувьд ч өв тэгш болдог гэдгийг албаныхан хэлж байв.