Визийн хөнгөлөлт аялал жуулчлалыг дэмжих нэг хөшүүрэг болно

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-04-13 10:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг болох визийн уян хатан бодлогыг манай улс хэрэгжүүлж эхлээд байна. Нэг үеэ бодвол цаг үеийн нөхцөл байдал дээрдэж, жуулчдын зорчих хөдөлгөөн сэргэсэнтэй зэрэгцэн олон талын хөшүүрэг хэрэглэн энэ төрлийн зах зээл дэх байр сууриа дээшлүүлэх сиймхий гарч ирж байна. Тийм ч учраас визийн хөнгөлөлтөөс эхлээд Засгийн газраас нөөц бололцооны хэрээр стратеги төлөвлөгөө боловсруулж ажиллах боллоо.  

Дэлхий даяар сүүлийн гурван жилд аялал жуулчлалын салбарын идэвх хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр эрс суларснаас үүдэн алдагдсан боломжоо эргүүлэн авах их санаачилгын эрэлд улс орнууд зэрэг гараад байна. Ялангуяа энэ салбараас эдийн засгийн гол өгөөжөө хүртдэг улс орнууд хүнд цохилтоос түргэн хугацаанд ангижрах олон арга замыг сонгон ажиллах болов.

Манай улс ч ойрын гурван жилийг энэ салбараа идэвхжүүлэх төлөвлөгөө боловсруулсан нь ихээхэн зориг шаардсан зорилт байж магад. Нөгөө талаар, гадаад сурталчилгаагаа зөв менежментээр хийвэл харин ч санаанд оромгүй тэсрэлттэй үр дүн гарч болох талтай.  


Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хугацаандаа визийн шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-өөр нэмж, нийт 61 болгосныг Гадаадын ирэн харьяатын газраас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголд аялах жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх Европын холбооны орнуудын иргэдээс авдаг байсан хураамжийг тэглэж, визгүй болгоод байна. Мөн 99 орны иргэдэд цахимаар виз олгохоор болсон нь ч жуулчдыг урин дуудах таатай нөхцөл болоод буй. 

 

Одоо бол олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдал, цар тахал зэрэг давхацсан, өмнөхөөс хэд дахин илүү хүчин чармайлт шаардагдах цаг үе. Гэсэн хэдий ч бусад улс орны туршлага, тэдний хэрэгжүүлж байгаа алхмуудыг анхааралтай судалж нэвтрүүлэх боломжтой. Энэ ч утгаараа эн тэргүүнд визийн уян хатан бодлогод анхаарсан шийдвэр гаргалаа. Хэдийгээр энэ нь аялал жуулчлалын хувьд зөвхөн нэг л төрлийн гарц гаргалгаа боловч нэмэр болохуйц арга. Олон улсад ч ийм арга хэлбэр хэрэглэх хандлага бий. Ганцхан жишээ дурдахад, Вьетнам улс хөрөнгө оруулалт, аялал жуулчлалаа нэмэгдүүлэхийн тулд визийн бодлогоо өөрчилж, гадаадын жуулчдад виз олгох журмаа сулруулаад байна. Ингэснээрээ Вьетнам улсад 2023 он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 1.8 сая гаруй гадаадын жуулчин зочилж, 3.6 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Ковидын өмнө үе буюу 2019 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9.2 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлж байсан бөгөөд 18 сая жуулчин зочилж, 30.2 тэрбум ам.долларын орлого олж байсан. Энэ жил тэр хэмжээндээ дөхөж очих зорилго тавьжээ. Вьетнам улс одоогоор 25 орны жуулчдыг визийн шаардлагаас чөлөөлсөн, 80 орны жуулчдад нэг сарын хугацаатай цахим виз олгож байгаа юм байна. 


Харин манай улсын хувьд цаашид ч боломжтой гэж үзсэн бүх улс орныг визгүй болгоно гэж байгаа. Хоёр хөршийн тухайд, ОХУ-ын иргэд визгүй. БНХАУ-ын иргэд визтэй. Гэхдээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд тодорхой хугацаанд бүлэг жуулчдыг визгүй зорчуулж байна. Хятад иргэд цахимаар визээ авч ирдэг болсон. Өөрийн биеэр биш цахимаар мэдүүлэх нь эрсдэл ихтэй гэж шинжээчид үздэг ч дэлхий даяар хятад жуулчдын хөл хөдөлгөөн нэмэгдэж, тэдний сонирхолд нийцэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээнд хүртэл тусгайлан анхаарах хэмжээнд хүрчихээд байгаа. Энэ утгаараа жуулчдын урсгалын гол цөм болох урд хөршийн иргэдийн аялж жуулчлах хаалгыг томсгох нь цаг үеийн оновчтой хэлбэр гэж үзэж болох юм. Тиймээс  хил орчмын аялал жуулчлалын бүсийг тогтоох, хил орчмын аялал жуулчлалд зориулан 72 цагийн виз олгох зэрэг шинэчлэл хийнэ гэж байгаа.

Аялал жуулчлалын салбар дахь улс орнуудын өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед визийн хөнгөлөлт нь гадаадын жуулчдыг татах боломжийн арга гэж үзэж байгаа юм. Тэгэхээр хил хаалганыхаа өндөр босгыг бага зэрэг намсгаж, харьцангуй нээлттэй бодлогоор жуулчдыг татах нь шууд тусгаж авахад алдах юмгүй сайн туршлага.

Энэ тал дээр шинжээчдийн баримталдаг өөр нэг зарчим бий. Тодруулбал, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх маягаар аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг оролдох нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс болгоомжлох тухай асуудал. Мэдээж, Засгийн газрын зүгээс хил гаалиар нэвтрүүлэх хяналт, шалгалтыг өөрийн улсын эрх ашиг, иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлого, үндсэн зарчмаа гол болгох нь ойлгомжтой хэрэг. Тэртэй тэргүй даяаршлыг даган гарч байгаа сөрөг үр дагавраас болгоомжлох цаг үеийн шаардлага ч бий.

 

“Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д цар тахлын өмнө буюу 2019 онд Монгол Улс жуулчны виз олгох нөхцөлийн үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 128 дугаарт бичигдэж байсан. Гэтэл олон улсад нээлттэй байдал буюу виз олгох нөхцөлийн үзүүлэлтээр тухайн үед Монгол Улсаас доор буюу 137-д жагссан Саудын Араб аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Ойрх Дорнод, Хойд Африкийн улс орнуудын дотроо тэргүүлж, дэлхийн 140 орноос 69-д жагсаж байлаа. Эндээс харахад визийн хөнгөлөлт бол асуудлыг шийдэх ердөө нэг л гарц гэдэг нь тодорхой байна. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай өөр бусад олон чиглэлийн нөөц бололцоог шавхах стратеги төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулан баталж, Олон улс дахь Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулан ажиллаж байна.


Аялал жуулчлалаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бодлогод агаарын тээврийн либералчлалыг онцгойлон тусгаж байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд манай улс руу чиглэсэн нислэгт хязгаарлалт тавихгүй хүлээн авах боломжийг бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Жуулчдыг хүлээн авахад хялбар, хүлээлт багатай байлгахад агаарын тээвэр, нислэгийн чанар, тоог нарийн анхаарах нь эн тэргүүний шаардлага. Энэ ч утгаараа Бүгд Найрамдах Турк улс болон Япон, БНСУ-тай тус тус хийх агаарын тээврийн тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох зохицуулалтыг бий болгох ажлыг эхлүүлсэн.


Жуулчны үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлж сайжруулах, түүх дурсгалын газруудаа тордож сэргээх, жуулчдын аюулгүй аялах орчныг бүрдүүлэх, жуулчид хялбар аргаар өөрт хэрэгтэй мэдээллүүдээ авч чаддаг байх ойлгомжтой, энгийн платформуудыг нэвтрүүлэх гэх мэт асар их ажил хийж байж энэ салбарт сэргэлт ирнэ. Үүнээс гадна үндэсний брэнд бүтээгдэхүүн, урлаг, соёл, спортын наадмууд, улирлын чанартай арга хэмжээ, баяр наадмуудаа сурталчлах гэх мэт нөлөөллийн арга хэмжээнүүдэд багагүй хөрөнгө хүч зарцуулах шаардлагатай. Энэ тал дээр анхаарч, гадаадын жуулчдын болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц эерэг мэдээллийг түгээхээр олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллаад эхэлсэн тухай салбарын мэдээлэлд байна.


Он гарснаас хойш буюу эхний улиралд манай улс 102 528 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувиар өссөн үзүүлэлт аж. Манай улсын аялал жуулчлалын салбарын оргил үе нь 2019 онд тохиосон бөгөөд 500 орчим мянган жуулчин хүлээн авч, 600 сая ам.долларын орлого олж байсан. Тэгвэл энэ онд жуулчдын тоог 1 саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум 200 сая ам.долларт буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэхээр зорьж байна. 

関連ニュース