АРХАНГАЙ: Цэнхэр сумын Орхон багт хяналт тавих ажлын баг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Орхон багт ирэх 11 дүгээр сар хүртэл хийх хяналт тавих ажлын багийг аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн A/162 дугаар захирамжаар байгууллаа.
Тус ажлын баг нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих бөгөөд төлөвлөгөө гарган ажиллах юм.
Цэнхэр сумын Орхон багт тогтмол хяналт тавьж ажиллах ажлын багийн үйл ажиллагаа нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг таслан зогсоох, байгаль орчны бохирдол доройтол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хууль бусаар ашигт малтмал олборлох эрсдэл зэрэгт тогтмол хяналт тавих аж.
Ажлын багийн бүрэлдэхүүнийг Засаг даргын орлогчоор ахлуулсан Байгаль орчин, аялал
жуулчлалын газар, Цагдаагийн газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Цэнхэр сумын Засаг
дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн байгаль орчин,
аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, Газрын геологи, уул уурхайн хяналтын улсын
байцаагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.