Дэлхийн эдийн засаг ба Монгол

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-02-20 10:38:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн төлөв байдлаас үзвэл 2023 онд дэлхийн эдийн засаг 1.7 хувиар, 2024 онд 2.7 хувиар өсөх төлөвтэй байна. Ирэх хоёр жилд, хөгжиж буй орнуудад нэг хүнд ногдох орлогын өсөлт дунджаар 2.8 хувь байх бол 2024 оны сүүлч гэхэд хөгжиж буй орнуудын ДНБ цар тахлын өмнөх үеийнхээс зургаан хувиар доогуур байх тооцоолол гарсан. Дээрх мэдээллээс үзвэл дэлхий нийтэд 2023 онд огцом өөрчлөлт буюу сэргэлт, бууралт гарахгүй байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлж болохоор байна.


Дэлхийн банкнаас эдийн засгийн төсөөллийг  өсгөхөд АНУ зэрэг хэд, хэдэн улс орны эдийн засгийн дотоод орчин нөхцөл өмнө нь төсөөлж байснаас дээрдэж байгаа нь нөлөөлсөн хэмээн мэдэгдсэн. Үүнээс гадна, эдийн засгийн төсөөлөлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байгаа бөгөөд тухайлбал, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор инфляц буурахгүй байх, ОХУ, Украйны дайн  зэрэг хүчин зүйлс нөлөөлөх боломжтойг цохон тэмдэглэвМөн дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй төлөв 2023-2024 онуудад ажиглагдана хэмээн Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс онцолсон.


Харин ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлсэн ч өмнөх оны 3.4 хувийн өсөлтөөс багаар таамагласан хэвээр байна. Тус сангаас эдийн засаг буурах төдийгүй үнийн өсөлт, амьжиргааны түвшний бууралт зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарна хэмээн үзэж буй юм. Мөн ОУВС “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа АНУ бодлогын хүүгээ тогтвортой өсгөж буйгаас үүдэн улс орнуудын мөнгөний бодлогын зөрүүтэй байдал ам.долларын ханшийг үргэлжлүүлэн чангаруулж, хөгжиж буй орнуудын өрийн хүндрэлийг нэмэгдүүлж, зарим улс орнууд бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж болзошгүйг дурджээ. ОУВС-ийн Ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуриншас “2023 онд эдийн засгийн уналтаас ялгаагүй нөлөөлөл олон хүнд мэдрэгдэх болно. Аадар борооны үүл хуримтлагдаж байгаа тул бодлого тодорхойлогчид нөхцөл байдлыг хяналтаас гаргахгүй байх хэрэгтэй” хэмээв.


Дэлхийн шинжээчид эдийн засгийн өсөлт урт хугацаанд удааширна. Энэ нь инфляцын өндөр түвшин, хөрөнгө оруулалтын хомсдолтой холбоотой. Ойрын хоёр жилд эдийн засаг томхон сэргэлт авахгүй. Тиймээс улс орнууд зардлаа танах, тэргүүлэх зорилгоо зөв тодорхойлох зэрэг эдийн засгийн зөв бодлого барих нь чухал хэмээн мэдэгдэж байгаа. Улмаар тэд ирэх онд дэлхийн улс орнуудын гуравны нэгийнх нь эдийн засаг агшиж, АНУ болон Европын Холбоо, БНХАУ-ын өсөлт зогсонги байдалд орж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн.


Харин гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд энэ жилийн эдийн засгийн төлөв байдал хэрхэх вэ?

Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засагтай орны хувьд гадаад хүчин зүйлээс шалтгаалан хувьсах магадлал өндөр байна хэмээн эдийн засагчид хэлж байна.


Монголын эдийн засгийн өсөлтийг 2023 онд манай Засгийн газар  5 хувь, Дэлхийн банк 2.4 хувь, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк 3.5 хувь, Азийн Хөгжлийн банк 1.7 хувь, Олон Улсын Валютын Сан 2.5 хувь, Монголбанк 3 хувь хэмээн төсөөлжээ.


Азийн хөгжлийн банкнаас эрхлэн гаргасан эдийн засгийн төлвийн шинэчилсэн тайланд дурдсанаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт энэ онд хадгалагдах боловч инфляци болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй. Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэвэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой хэмээн үзжээ. Үнэндээ уул уурхайн цөөн тооны ашигт малтмалаас хараат манайх шиг улсын хувьд эдийн засгийн төлөв түүхий эдийн ханшийн савлагаанаас шалтгаалан яаж ч хувьсах магадлалтай.


Засгийн газраас ирэх оны төсөвт эдийн засгийн өсөлтийг 5 хувь байна хэмээн төсөөлсөн. Ингэж өөдрөг төсөөлөх болсон үндэслэлээ тэд энэ онд БНХАУ-аас баримталж буй ковидын эсрэг бодлого зөөлөрч, тээвэр ложистикийн асуудал шийдэгдсэнтэй холбоотойгоор түүхий нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх хүлээлт бий хэмээн тайлбарласан. Өнгөрсөн оны төсөвт 36 сая гаруй тонн нүүрс экспортлоно хэмээн төлөвлөсөн ч ачир дээрээ 25 сая орчим тонныг экспортолсон.


Эдийн засагч Н.Энхбаяр, “Энэ онд эдийн засгийн өсөлт таван хувь, 36.5 сая тонн нүүрс экспортлох нь эдийн засгийн  нөхцөл байдалд нийцэхээргүй өөдрөг үзүүлэлт. Ганцхан улсын зах зээлээс хамааралтай манай улсын хувьд экспортын бүтээгдэхүүний үнэ болон нүүрсний экспортыг  хэт өөдрөгөөр төсөөлөх нь эрсдэлтэй” хэмээв.


Үнэндээ манай улсын  төсвийн орлогын 30 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн дээр тулгуурлаж бүрдэж байгаа. Тодруулбал манай улс 4.9 их наядыг уул уурхайн бүтээгдэхүүнээс олно гэж төлөвлөсөн. Уул уурхайгаас гаргаж байгаа ашигт малтмалын 90 хувь нь боловсруулаагүй бүтээгдэхүүн юм. НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллага UNCTAD улс орнуудын эдийн засгийн гадаад худалдаанд түүхий эдийн салбар хэдий хэр хэмжээний хувь эзэлж байгаа талаар судалгаа хийсэн байдаг. Тус судалгаагаар  Монгол Улсын экспортын 97 хувь нь түүхий эдээс хамаарч байгааг онцолсон. Үүнээс хөдөө аж ахуйн түүхий эдийг хасвал 94  хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл зэсийн баяжмалаас бусад нь огт боловсруулаагүй бүтээгдэхүүн гэсэн үг. Эдийн засгийн бүтцийн хувьд 94 хувиа задалбал гол түүхий эд нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр дээр төвлөрдөг. Эдгээр нь нийлээд нийт экспортын 75 хувийг эзэлж буй юм.


Үүнээс үзвэл эдийн засгийн бүтэц өрөөсгөл. Боловсруулдаг салбар маш бага хэвээр байгаа нь эдийн засгийг хэврэгшүүлэх гол хүчин зүйл байсаар байна.  


Монгол Улсын төсөвт жин дардаг нүүрсний хувьд Монгол Улсын гол хөдөлгүүр нь. Энэ оны хувьд төсөвт тусгасан нүүрсээ бид урагш нь гаргаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь бидний гол импортлогч Хятад улс хоригоо цуцалж, Австралиас  коксжих нүүрс татаж эхэлсэн. Австрали бол Хятадын коксжих нүүрсний зах зээлд Монголын хамгийн том өрсөлдөгч гэж хэлж болно. Мөн өнгөрөгч жилүүдэд Хятадын коксжих нүүрсний зах зээлд Орос хүч түрэн орж ирсэн. Өөрөөр хэлбэл Австрали “эзгүй” байх хооронд Хятадын коксжих нүүрсний зах зээлд 6 хувийг эзэлж байсан ОХУ 33 хувь болж, бидэнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрч ирсэн нь анхаарал татахаар байна. Хятад коксжих нүүрснийхээ 80 хувийг дотоодын хүчин чадлаараа бүрдүүлдэг бөгөөд үлдсэн хувь болох 70 сая тонн коксжих нүүрсийг гаднаас авдаг аж. Тэгэхээр  Хятад улс хаанаас нүүрсээ импортлох вэ гэдэг нь тэдний  сонголт болох нь. Ийнхүү сорилтон дунд бид өрсөлдөж, улсын төсвийг гол бүрдүүлэгч нүүрсээ борлуулахаар болж байна. Австрали Хятадын зах зээлд эргэн ирсэн, ОХУ хэмээх шинэ тоглогчтой бид өрсөлдөх болж байна. ОХУ-ын хувьд биднээс давуу талууд их бий. Тухайлбал БНХАУ ОХУ-тай бүх талаараа харилцаагаа өргөжүүлж байгаа. Тодруулбал дээрх хоёр орны худалдаа  өнгөрсөн онд 190 тэрбум ам.долларт хүрч, хоёр улсын худалдаа түүхэн дээд цэгт хүрсэн. Үнэндээ ОХУ-ын хувьд төмөр зам, тээвэрлэлтээрээ биднээс хэд дахин илүүрхэнэ. Тиймээс бид улсын төсөвт жин дарах нүүрсний салбарт өрсөлдөх чадвараа хадгалахад дээрх хүчин зүйлс нөлөөлж мэдэхээр байна.


Үнэндээ Монгол Улсын эдийн засгийн байдал хоёрхон салбараас хараат болж нийт төсвийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа нь өндөр эрсдэл үүсгэж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний үнийн өндөр савлагаатай үед хэт өөдрөгөөр төсөөлөх нь ихээхэн эрсдлийг дагуулахыг эдийн засагчид сануулж байна. Хүн бүр эдийн засгийг солонгоруулах шаардлагатай, цөөн салбараас хараат байх нь эрсдэлтэй гэдгийг хэлдэг ч бодит байдал дээр өөрчлөгдөхгүй явж ирсэн нь эдийн засгийг улам хэврэгшүүлж, өрсөлдөх чадваргүй болоход хөшүүрэг болсоор байна.

関連ニュース