ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: Өсөлтөөр хязгаарлагдахгүй боломж
ТОЙМ
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОГЦОМ ӨСӨЛТ 2011 ОНЫХТОЙ ДҮЙВ
Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр 2011 онд Хөрөнгийн зах зээл түүхэн дээд амжилтаар цойлсон нь яг 10 жилийн дараа буюу өнгөрөгч онд Дэлхийн зах зээлийг тэргүүлэв. Тодруулбал 2011 онд Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-тэй харьцуулбал 16.7 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд энэ нь 16.50 хувьд хүрч, Хөрөнгийн биржийн 30 жилийн түүхэнд хамгийн дээд үзүүлэлтийг үзүүлснээрээ дэлхийд онцгойрсон юм.
Тэлэлт
үзүүлсэн энэхүү үсрэнгүй өсөлтийн шалтгааныг мэргэжилтнүүд хөрөнгийн зах зээлийг бодлогоор дэмжсэнтэй
холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Монголбанкны бодлогын хүү түүхэн доод
түвшинд хүрч, хадгаламжийн хүү буурсан явдал хөрөнгийн зах зээлийг тэлэхэд
түлхэц үзүүлснийг салбарынхан онцолсон. Өөрөөр хэлбэл иргэд Хадгаламжийн хүү
буурч эхлэнгүүт өөр хөрөнгө оруулалтын гарцыг
эрэлхийлж, хүүгээс өгөөжтэй салбарын эрэлд гарсан гэсэн үг. Бүх зүйл хумигдмал
цар тахлын үед хөрөнгийн зах зээл ийнхүү хүмүүсийн анхаарлын төвд орж ирснээр
үсрэнгүй тэлэлтийг бий болгов. Нөгөөтэйгүүр Хөрөнгийн зах зээлийг татварын бодлого
дэмжсэнийг мэргэжилтнүүд хэлж байна. 2021 оны нэгдүгээр сараас
хэрэгжиж эхэлсэн Татварын тухай хуулинд Хөрөнгийн зах зээлийг дэмжсэн хэд, хэдэн
таатай нөхцлийг тусгасан. Тодруулбал, хувьцаат
компанийн ногдол ашгийн албан татварыг 10 хувь байсныг 5 хувь руу оруулсан. Улмаар Бонд буюу Өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татварыг 10 хувиас 5
хувь болгож бууруулсан нь дээрх өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн гэж дүгнэж болох
юм
ГАР УТСААРАА АРИЛЖААНД ОРОЛЦСОНООР ЦАГ ХУГАЦААГ ДӨТЛӨВ
30 жилийн тэртээ цэнхэр, ягаан тасалбараар хэмжигдэж байсан Хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд маш олон дэвшил гарсан. Олон улсын жишигт нийцсэн техник, технологийг нэвтрүүлснээр хөгжлийн шинэ шанг татсан гэж хэлж болох юм. Цар тахлын үед Үнэт цаасны компаниуд цахимжиж эхэлснээр иргэд гар утаснаасаа хувьцааны данс нээхээс эхлээд цахим арилжаанд оролцох боломж бүрдсэн. Энэхүү технологийн дэвшлийг дагаад 2021 оны жилийн эцэст Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгтэй тэнцэж өмнөх оноос 95.4 хувиар буюу огцом өсөлтийг үзүүлсэн.
Улмаар Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2021
оны эцсийн байдлаар 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь
дэлхийн томоохон индексүүдтэй харьцуулбал тав дахин өндөр үзүүлэлтийг үзүүлжээ.
Түүнчлэн компанийн санхүү, эдийн засгийн болон үр ашгийн үзүүлэлтүүд
сайжирснаар Монголын Хөрөнгийн Бирж 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж,
2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан байна. Улсын
төсөвт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг хугацаанд нь төлж, татварын
дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь 30 жилд үзүүлээгүй
түүхэн дээд амжилт гэдгийг Хөрөнгийн биржээс онцолсон.
СU СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ОЛОН НИЙТЭЭС 24.9 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОЖЭЭ
Хөрөнгийн
зах зээлд огцом өсөлтийг үзүүлсэн 2011 оны хувьд 90 гаруй хувийг гадны хөрөнгө
оруулагчид бүрдүүлж байсан бол өнгөрөгч онд эсрэгээрээ 73 хувийг дотоодын
хөрөнгө оруулагчид, 25 хувийг хувь хүмүүс бүрдүүлжээ. Энэ тоо иргэдийн хөрөнгө
оруулах хандлага хэрхэн өөрчлөгдөж, идэвхжсэнийг илэрхийлж буй юм.
Хувьцааны
арилжааг анхдагч, хоёрдогч гэж хоёр хуваадаг. 2020 онд шинэ бүтээгдэхүүн гаргаж
олон нийтээс хөрөнгө татсан нийт дүн таван тэрбум төгрөгөөр хэмжигдэж байв. Тухайлбал, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2020 онд 48 тэрбум төгрөгийг бүрдүүлж байсан
бол өнгөрсөн онд 230 тэрбум болж өссөн байна. Түүнчлэн Монголын Хөрөнгийн бирж
дээр зургаан шинэ бүтээгдэхүүн гарч, олон нийтээс дараах
мөнгийг төвлөрүүлжээ. Тодруулбал, “Инвескор Актив” ТЗК хөрөнгөөр
баталгаажсан үнэт цаас гарган 4 тэрбум төгрөгийг зах зээлд татан төвлөрүүлсэн бол “Эрдэнэс
Тавантолгой” ХК өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон 677.7 тэрбум
төгрөгийг босгосон. Мөн “Инвескор ББСБ” ХК 8 тэрбум, “Лэнд мн” ББСБ 5 тэрбум, “Сэнтрал
экспрэс” буюу бидний хэлж заншсанаар СU сүлжээ
дэлгүүр 24.9 тэрбум төгрөг, “Богд
банк” олон нийтэд хувьцаагаа санал болгосноор 31.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн
байна.
БИРЖИЙН БУС АРИЛЖААНААС 681.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БҮРДҮҮЛЭВ
Өнгөрсөн оны хувьд бас нэгэн онцлох зүйл нь олон жил нэг тулгууртай явж ирсэн Хөрөнгийн зах зээлийн хувьд хоёр дахь баганыг бий болгосон явдал юм. Дэлхийн жишгийн дагуу биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр эдүгээ 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гарсан бөгөөд 681.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснийг албаныхан тодотгосон. Энэ нь биржийн арилжаанд тодорхой ахиц гаргасан гэдгийг салбарынхан хэлж буй юм.
Биржийн бус захын гол давуу тал нь зөвхөн мэргэжлийн
тоглогчид арилжаанд оролцдог тул хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бүртгэлийг
богино хугацаанд шийддэгээрээ онцлогтой. Улмаар хөрөнгийн зах зээлийг
эрчимжихэд үнэт цаасны давхар бүртгэлийг бий болгосон нь томоохон хөшүүрэг
болсон гэдгийг салбарынхан тодотгож байна. Өөрөөр хэлбэл гадаад улсын арилжаа
эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах
боломж бүрдсэн. Монголын Хөрөнгийн бирж болон Торонтогийн хөрөнгийн бирж
хооронд хөрвөн арилжаалагдах боломжийг журмаар цэгцэлснээр гадаадад гарсан
компаниуд дотоодын хөрөнгийн биржид орж ирсэн. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн
биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент Корпорэйшн” ХК Монголын Хөрөнгийн
биржид хувьцаагаа арилжаалж эхэлсэн юм.
2022 ОН
ӨНГӨРСӨН ОНЫ ТЭСРЭЛТИЙГ ГҮЙЦЭХГҮЙ
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛЭХЭД ТЭТГЭВРИЙН САН ХӨШҮҮРЭГ ҮЗҮҮЛНЭ
Цаашид Хөрөнгийн зах зээлийг тэлэхийн тулд хэрхэх
вэ гэдэгт мэргэжилтнүүд өөр, өөрсдийн тайлбарыг хийж ирсэн. Тэд Хөрөнгө
оруулалтын сангуудыг бий болгон хөгжүүлэх нь илүү мэргэжлийн түвшинд хүрнэ
хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын санг бий болгон үйл
ажиллагааг нь тогтворжуулснаар Хөрөнгийн зах зээл хөгжиж, улмаар баялгийн
шударга хуваарилалт бий болох сайн талтай юм. Олон улсад хүчээ авч буй
сангуудын хувьд Тэтгэвэрийн сан хамгийн боломжит хувилбар. Манай улсын хувьд тэтгэврийн
сангийн тогтолцоог шинэчилж, урт хугацааны хөрөнгө төвлөрүүлэн эргэлдүүлэх
боломж бий. Түүнчлэн хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад томоохон аж ахуйн
нэгжүүд нь хөрөнгийн зах зээлийн гол
тоглогчид байдаг бөгөөд тэд эдийн засагтаа тэргүүлэх жин дарсаар ирсэн. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн дийлэнх тоглогчид богино
хугацаанд хөрөнгөө өсгөх сонирхол нь давамгайлсныг шүүмжилдэг. Тиймээс хэтдээ урт
хугацааны хөрөнгө оруулалтыг чухалчилж, тойргийн гадна үлдэх жижиг хувьцаа
эзэмшигчдийн эрх ашгийг цэгцлэхээс эхлээд гараан дээр байгаа Хөрөнгийн зах
зээлийг бодлогоор хөгжүүлэх зоригтой алхамуудыг хийх нь чухал гэдгийг
салбарынхан онцолж буй юм.