Улсын хэмжээнд иргэдийн 90.3 хувь нь вакцин хийлгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн вакцинаар 17 376 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 954 046 нь эхний тунг, 777 248 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 911 811 хүн, хоёрдугаар тунг 662 464 хүн тариулаад байна.
Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 865 857 хүн буюу 90.3 хувь, хоёрдугаар тунгаар 1 439 712 хүн буюу 69.6 хувийг дархлаажуулаад байгаа юм.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
• Дулаан хувцаслах
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
• Эмчийн үзлэгт орох
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх