Коронавирус илрүүлэх шинжилгээний цэгийг 18 болгож нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-15 17:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг ирэх сарын 1-ний 06.00 цаг хүртэл сунгаснаа хэвлэлийнхэнд танилцуулсан. Мэдээллийн үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм. Сэтгүүлчдийн асуултад Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хариуллаа.


-Эмч, сувилагч нар халдвар авч байна. Эмч, мэргэжилтнүүдээ хэрхэн сургаж байгаа вэ?

Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-ийн ажилтнууд иргэдэд эмнэлгийн тусламж хүргэх явцдаа халдвар авсан 7 тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр бид бүхэн үүн дээр багагүй хугацаанд бэлтгэл хангасан. Аймаг, нийслэлийн бүх эмч нарыг хувцсаа хэрхэн өмсөх тайлах, гараа хэрхэн ариутгах зэрэг сургалтад хамруулсан. Гэвч халдвар хамгааллын дэглэм алдагдах тохиолдол гарсан. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнууд удаан хугацаанд ажилласны улмаас дархлаа сулрах, халдвар хамгааллын дэглэм алдсан зэрэг шалтгаантай. Дэлхий нийтэд эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах магадлал өндөр байгаа.

Манай улсад эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан нь олон улсын дундажтай харьцуулахад бага байгаа. Гэхдээ цаашдаа хяналт, сэрэмжээ илүү сайжруулахаар ажиллаж байна. Мөн тусгаарлах байруудын хяналтыг сайжруулах ажлын баг ажиллаж байна. Үүнд ЭМЯ, мэргэжлийн хяналт зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөгч багтсан бөгөөд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж байгаа. Ингээд шалгалт хийгээд халдвар хамгааллын горим алдаагүй байна гэсэн дүгнэлт гарсны дараа тусгаарлалтад байгаа хүмүүсийг гаргана. Одоо бол гаргах хугацаа 1, 2 хоног хойшилж байгаа. Нийслэлд коронавирусний шинжилгээний 11 цэг өчигдөр байгуулсан бөгөөд батлагдсан тохиолдлуудын дам хавьтлын 900 гаруй хүнд түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа. Түргэвчилсэн шинжилгээг PCR шинжилгээ хийж баталгаажуулж байгаа. Өчигдөр түргэвчилсэн шинжилгээгээр 2 сорьц эерэг гарсан ч PCR шинжилгээгээр сөрөг болсон. Цаашдаа шинжилгээний цэгийг 18 болгож нэмнэ. Үүний дараа өрхийн эмнэлэг, аймгийн төвийн эмнэлэгт тодорхой тооны хүмүүсийг үнэ төлбөргүй шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр халдварыг хумих магадлал бүрдэж байна гэж харж байгаа. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээгээр хариу сөрөг гарч байгаа хэдий ч тайвшрах болоогүй. Бид бүхэн халдварыг 100 хувь устгасны дараа сэтгэл амрах ёстой тул бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг 14 хоног сунгаж байгаа юм.


-Энхсаран сувиллаас халдвар анх тархсан гэсэн мэдээлэл бий. Иргэдийг тусгаарлах байруудад ямар хяналт шалгалт хийж байна вэ. Мөн тусгаарлах 21 хоногийн хугацаа нь дууссан ч гаргахгүй байна гэсэн гомдлыг зарим иргэн гаргаж байна?

Я.Содбаатар: Тусгаарлалтын байрууд дээр халдвар хамгааллын шалгалт хийгээд, тодорхой дүгнэлт гарч байгаа. Тусгаарлалтын байрнаас гарсан хүнээс халдвар илэрсэн бол тухайн байранд байгаа хүмүүсийн гарах хугацааг сунгаж байгаа. Сунгасан хугацааны зардлыг улс даана. Мөн ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарлалтад авч байгаа. Энэ хүмүүсийн тусгаарлалтын зардлыг мөн улс хариуцах болж, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гарсан. Тээврийн жолооч нараас эхлэлтэй энэ халдвар явж байгаа. Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Нөгөө талаар иргэд хариуцлагагүй байж, бие биетэйгээ уулзсан асуудал бий. Халуун устай холбоотой асуудал тогтоогдоогүй ч үүнийг хянаж шалгаж байгаа.

Сэлэнгийн тохиолдлын талаар 2, 3 таамаг дэвшүүлсэн бөгөөд хууль хүчний болон эрүүл мэндийн байгууллагууд шалгалт хийж байна. Ойрын хавьтлын хүмүүсийг бол маш хурдан тогтоож, гэрийн тусгаарлалтад байлгаж байгаа. Ирэх сарын 1 хүртэлх тусгай нислэгүүдийг цуцалсан. Хамгийн сүүлийн нислэг энэ сарын 11-нд Токиогоос ирсэн. Энэ хүмүүсийн тусгаарлах хугацаа дууссаны дараа бүх тусгаарлах байрыг шалгаж нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг гэр бүл гэсэн зарчмаар байлгах зэрэгт дүгнэлт гаргаж, тусгай нислэгийг хэрхэн үйлдэх талаар шийдвэрлэнэ.


-Шахмал түлшний нөөц ямар байна вэ?

Д.Сумьяабазар: Түлшний нөөц хангалттай байгаа. Өнөөдрийн байдлаар 285 цэгээс 2018 тонн түлшний захиалга ирсэн бөгөөд түгээлт хийж байна. Тэгэхээр шахмал түлшний хүрэлцээ хангалтгүй байна гэсэн ойлголт байхгүй.


-Өдөрт 470 тонн мах нийслэлд орж байгаа ч багахан хэсгийг нь иргэд, дийлэнхийг нь ченжүүд аваад, дарчихаад байгаа тул үүнийг шалгуулахаар цагдаа, тагнуулд хандсан гэсэн мэдээллийг ШӨХТГ мэдээлж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Д.Сумьяабазар: ХХААХҮЯ, Улаанбаатар хотын ЗАА хамтран ажиллаж байгаа. Аль болох махны үнийг хөөрөгдөхгүй, махны нөөцийг сайжруулах ажлыг сайн зохион байгуулж байгаа. Мөн Улаанбаатар хотын 9 дүүргийн дарга нарт хүнсний хүргэлт, махны худалдааны асуудалд хяналт тавих үүрэг өгсөн.

З.Мэндсайхан: Иргэд одоо нөөцийн махаа гаргачихаар хавар яах вэ гэдэг асуултыг их тавьж байна. Ноднин бид 11 мянган тонн мах бэлдсэн. Энэ жил 20 мянган тонн мах бэлтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тиймээс хавар махны нөөцгүй болох, үнэ өсөх асуудал үүсэхгүй.


-Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсан уу?

Я.Содбаатар: Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гараагүй. Бид судалж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Сангийн яаманд энэ асуудлыг ул суурьтай судлаж оруулж ир гэсэн үүрэг чиглэл өгсөн. Коронавирусний улмаас иргэдийн амьдралд асар их хор хохирол учирч байгаа. Бид төсөв мөнгөө тооцоолж бодит шийдвэр гаргана.

関連ニュース