Хууль бусаар 20 ширхэг тарвага агнаж, махыг нь хадгалж байсныг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-08 23:56:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Өлгий сумын 13 дугаар багийн иргэн "Ч" хууль бусаар агнасан 20 ширхэг тарваганы махыг гэртээ өвчиж байсан үйлдлийг иргэний мэдээллийн дагуу энэ сарын 7-ны өдөр илрүүллээ.

Улмаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тарвага өвчиж байсан иргэнийг тусгаарлажээ. Уг тарвагыг хаанаас агнасан нь хараахан тодорхойгүй бөгөөд хүнсэнд хэрэглэх зорилгоор бусдаас худалдаж авсан гэх мэдээллийг өгчээ. Харин тарваганы маханд шинжилгээ хийхэд тарваган тахлын вирус илрээгүй байна. 

Дээрх үйлдэлд хариуцлага тооцуулахаар холбогдох матeриалыг харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.  

БОАЖ-ын сайдын 2017 оны А/278 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хориглосон. Гэвч иргэд ахуйн зориулалтаар хууль бусаар тарвага агнах явдал тасрахгүй байгааг албаны хүмүүс хэлж байна.

Сэрэмжлүүлж хэлэхэд, хууль бусаар тарвага агнасан тохиолдолд  Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг 3 сая төгрөгөөр торгох, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах, тарваганы экологи, эдийн засгийн үнэлгээг /170-200 мянган төг/ 2 дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулах зохицуулалттай ажээ. 

関連ニュース