Гүйлтийн цанын 10 км-т Б.Ачбадрах 51 дүгээр байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-05 14:08:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын өвлийн 29 дэх Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотод болж байгаа бөгөөд гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км зайд 86 тамирчин өрсөлдсөнөөс Б.Ачбадрах 51 дүгээр байр эзэлжээ.


Тус наадамд 58 орны 3500 гаруй оюутан тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөж, медалийн эзэд эхнээсээ тодорч эхэллээ. Монгол Улсын баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайл гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж байна. Өчигдөр манай баг тамирчдын тэмцээн уралдаан гүйлтийн цанын төрлөөр эхэллээ.


“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцсон Б.Ачбадрах тэргүүтэй цаначид эхний гараагаа амжилттай дуусгаж, дараагийн гараанд бэлтгэж байна. Цанчдын хувьд 2-3 зайд уралдана. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км зайд Б.Ачбадрахаас гадна С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл нар хурдаа сорьж 80, 84 дүгээр байрт шалгарсан байна.


Мөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км зайд Э.Ариунтунгалаг 46, А.Энхтуул 52 дугаар байрт орлоо. Гүйлтийн цанын тамирчид өнөөдөр 10 км хөөх уралдаантай.


Одоогоор ОХУ есөн алт, 11 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Австри, Беларус хоёр алт, Швейцарь, БНХАУ, БНСУ-аас нэг нэг аварга төрөөд байна.

 

関連ニュース