Элчин сайд Б.Дэлгэрмаа өсвөрийн тамирчдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д
суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Герман, Польш улсад болох
Олон улсын өсвөр үеийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор яваа Монголын багийн
хүүхдүүдийг Москва хотноо хүлээн авч уулзан амжилт хүсэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа
өсвөрийн тамирчдыг үдэн гаргах үеэр хэлэхдээ, “Тэмцээнд зөвхөн
оролцох бус, өндөр амжилт гаргаж, алтан медаль авахыг та бүхэнд хүсье” хэмээн ерөөж, нийт тамирчдад амжилт
хүслээ. Тэрбээр
тамирчин хүүхдүүдийг
Москва хотод байх хугацаанд өөрийн тэргүүлдэг “Норовбанзад сан”-гаас ивээн тэтгэж хүүхдүүдийн хүсэлтээр
“MacDonalds”-ийн үдийн зоогоор дайлсан юм.
Мөн өсвөрийн тамирчдад
Монгол Улсын ЭСЯ-ны байр, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ унаа гарган Москва хотын дурсгалт
газруудтай танилцуулж, Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө,
Улаан талбайд дурсгалын зураг авахуулав. Хүүхдүүд Элчин сайд
болон тус яамны нийт хамт олон ийнхүү халуун дотно хүлээн авсанд талархал
илэрхийлж, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын сурагчдын
урласан бүтээлээс ЭСЯ-ны ажилтнуудад дурсгасан байна.
Өсвөрийн тамирчид нэгдүгээр сарын 18-31-нд ХБНГУ-ын Берлин, Польш улсын Быдгощ хотуудад болох Олон улсын хүүхэд, өсвөр үеийн “Белгер цом” хөл бөмбөгийн 14 дэх удаагийн тэмцээнд оролцох юм. Тодруулж хэлэхэд, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд, багш, дасгалжуулагчдын хамт оролцож байна.