21 аймагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-11 15:50:56

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ 21 аймагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдэв.

Тэрбээр, “Өчигдөр 20-иод улстөрийн нам нэгдэж жагсаал хийсэн. Одоо Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр бариад улстөрийн суулт хийж байна. Энэ бол эхлэл. Ирэх долоо хоногт 21 аймаг, цаашлаад 330 сумын төвд эсэргүүцлийн жагсаал цуглааныг улс төрийн намууд нийлж зохион байгуулна.

Улсын төсөвт ачаалал болох, ард иргэдэд дарамт болох асуудлыг бид яриагүй. Нийгэм сонгуулийн хуулийг ил тод, нээлттэй болгохыг шаардаж байна. Намын нэрсийн жагсаалтын ард нуугдаж сонгогддог байдлыг таслан зогсоох ёстой гэсэн асуудлыг тавьж байна. Бид хар машинаар тоолдгоороо тоольё. Гэхдээ гар тооллогыг давхар явуулахын сацуу хяналтын камер ажиллуулж, хэвлэлийнхний ажиллах ил тод байдлыг хангаж өгье гэж байгаа юм" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Үүний зэрэгцээ Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат зөвшилцөлд хүрсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийг энэ сард багтаан батлах бололцоо бий гэлээ.

Б.Туул

 

関連ニュース