"Дархан хотын хөгжилд -Миний оролцоо 2018" эрдэм шинжилгээний хурал болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-18 01:41:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооноос санаачлан "Дархан хотын хөгжилд миний оролцоо 2018" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 11- нд МЗХ-ны Залуус танхимд зохион явуулжээ.

Тус хурлын гол зорилго нь Дархан-Уул аймгийн оюутан, залуучуудын судалгааны ажлыг орон нутаг руу чиглүүлэх, Дархан хотод тулгамдсан буй асуудлыг шийдэх гарцыг тодорхойлох, залуусын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжихэд оршжээ.

Шүүгчдээр Дархан нутаг судлаач доктор (Ph.D) Ж.Алтангэрэл, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал доктор (Ph.D) дэд профессор Г.Сүхбат, Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал, МУСТА, МЗЭ-ийн шагналт Д.Цэрэндаваа, УБ хот дахь Дархан-Уул аймгийн ЗХ-ны тэргүүн Э.Өнөрболд нар ажилласан байна.

Нэгдүгээр шатанд 40 орчим илтгэл ирснээс шилдэг 16 илтгэл шалгарчээ. Илтгэлийн тэргүүн байранд "Хүлэмжид зориулсан хөрсний чийгшил ба температур хэмжих хэрэгслийн удирдлагын хөгжүүлэлт" сэдвээр ШУТИС-ийн ДаТ-ийн сургуулийн компьютер программ хангамжийн 4 дүгээр ангийн оюутан Б.Оюунчимэг шалгарсан бол удаах байруудад "Ган утсыг бетонд ашиглах боломжийн судалгаа" сэдвээр ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн оюутан Э.Лхагваням, "Дархан хотын суурьшлын бүсийн өнгөн хөрсний хүнд металлын бохирдлын үнэлгээ, агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын судалгаа" сэдвээр МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Хөрсний бүтэц, орчин судлал хөтөлбөрийн магистрант Б.Чүлтэм нар оржээ. 
 
Л.Отгонбаатар

Related news