Аймгийн засаг дарга боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-08 22:04:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга С.Насанбат, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан нар өнөөдөр Боловсрол соёл, урлагийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр тавдугаар сарын 06-ны шөнө Дархан сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой авто замын ослын асуудлыг хөндлөө.

Тодруулбал 15-р сургуулийн тавдугаар ангийн сурагчид багш, эцэг эхийн хамт төгсөлтийн баяр хийж  Зулзагын голын зусланд амраад буцах замдаа сурагчдыг тээвэрлэж явсан том оврын автобус хүнд даацын ачааны автомашинтай мөргөлдөж 10 орчим сураг, хоёр эцэг, эх болон жолооч хүндээр бэртэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн болон эрчимт эмчилгээний тасагтгуудад хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс үүдэн хонхны баяр, эрдмийн баяртай холбоотой сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нарт өгсөн үүргийн хэрэгжилттэй нэг бүрчлэн танилцсан юм.
БСШУСЯ-ны сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард БСУГ-ын даргын чиглэл хүргүүлэх тухай захирамжийг СӨБ, ЕБС-иудад хүргүүлж энэ дагуу холбогдох арга хэмжээг гарын үсэг зуруулан баталгаажуулжээ.

Цаашид эрдмийн баярууд үргэлжлэх учраас 2018 оны 05 дугаар сарын 07-нд аймгийн Засаг даргын “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний тухай хугацаатай захирамж гарч албан ёсоор БСУГ-ын дарга Р.Батжаргалд хүлээлгэн өглөө.
Уг захирамжаар 1,5,9 дүгээр ангийн хонхны баярыг бүрэн зогсоох, төгсөх ангийн сурагчид эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэх, үйлчилгээний байгууллагууд, Цагдаагийн газрыг үүрэгжүүлэн хяналт тавьж хариуцлага тооцох хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Энэ онд боловсролын салбарт хийгдэж байгаа зарим хөрөнгө оруулалтын ажилтай ч мөн биечлэн танилцлаа. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ-ийн нэг цонхны үйлчилгээний төвийн барилгыг засч БСУГ-ыг оруулахаар ажиллаж байна. Ингэснээр "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн баруун жигүүрт таван анги чөлөөлөгдөн 240 орчим хүүхэд сурч боловсрох орчин бүрдэх аж.
Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдлээс төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн шалгалтын сорилын машиныг худалдан авч эхний сорилоо өнгөрсөн амралтын өдөр явуулжээ. Энэхүү машинтай болсноор ахлах ангийн сурагчид элсэлтийн шалгалтаа амжилттай өгөх, өөрсдийн түвшинг тогтоох боломжтой болж байна.
Харин багш нарын ур чадвар, заах арга зүй, түвшинг тогтоохоор багшийг индексжүүлэх ажлыг хоёр үе шаттайгаар явуулж байна. Тус ажлыг явуулснаар багш нарын нийгмийн асуудал, цалин, урамшуулал, хөдөлмөрийн үнэлэмж бодит болж олон давуу талууд гарах ач холбогдолтой ажээ.
 
Л.Отгонбаатар

Related news