Шилдэг арга зүйтэй 75 багшид хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-21 23:43:22
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёл урлагийн газраас 2017-2018 оны хичээлийн жилийн 3 дугаар улиралд “ Ээлжит хичээлийн үр өгөөж аян”-ыг явуулжээ.

Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын 27 сургуулийн 1024 багшаас 126 багш шалгарч нээлттэй хичээл зааж, 75 багшийг Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжлийн экспертиз ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Шилдэг арга зүйг бий болгосон, энэ нь олон жилийн туршлагаар нотлогдсон, Үр дүн суралцагчдын сурлагын амжилт стандартаар батлагдсан” гэж үзэн “Шилдэг арга зүйтэй багш батламж” олгосон байна.
Аймгийн Засаг дарга С.Насанбат эдгээр 75 багшид хүндэтгэл үзүүлж мөнгөн шагналаар шагнан урамшууллаа. Шилдэг арга зүйтэй 75 багшийн 20 нь Од, 18 нь Оюуны Ирээдүй, 7 нь  4 дүгээр сургуулийн, 5 нь  9 дүгээр сургуулийнх юм. 
Шилдэг багш нарын Эзэмшсэн арга зүйгээр нь онцолбол өгүүлбэртэй бодлогыг хүснэгтийн аргаар бодуулж сургах, хүүхдийн бүтээлчээр хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, тайлбартай дасгалын аргаар сургах, тоглоомын аргаар ярих, хэрчмийн аргаар бодох, туршилтаар мэдлэг бүтээх, бүтээлч уншлагыг явуулах, зоосны арга, гурван алхмын арга, оюуны зураглал, задлан шинжлэх, туршилтын арга, явцын үнэлгээг хэрэглэх, багаар бүтээл хийх, цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах зэрэг бүтээлч арга зүйг санаачлан сургалтаа явуулдаг байна.
Цаашид аймаг орон нутгийн зүгээс багшийн ур чадвар, идэвх санаачилгыг үнэлж олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Энэ үеэр сурагчид багш нартаа хүндэтгэл үзүүлж бишгүүр хөгжмөөр “Халуун элгэн нутаг” дууг тоглож сонирхуулсан юм.
 
Л.Отгонбаатар


 
 
 

Related news