Газар тариалангийн талбайн тооллого, хэмжилт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-11 13:35:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Газар тариалан, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл явуулж буй иргэн ААНБ-ын газрын хэмжээг баталгаажуулах, газрыг дур мэдэн зөвшөөрөлгүй хагалж сунгаж тэлсэн эсэхийг тогтоох зорилгоор тооллого, хэмжилт хийхээр болжээ. Ингэхдээ газрын хэмжилт хийж зөрчлийг арилгуулах, газрын төлбөрөө цаг тухай бүрт нь төлж барагдуулсан эсэхийг газар дээр нь шалгах юм. 
Хаврын тариалалт эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ сараас  6 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх тус тооллого хэмжилтэд иргэн, ААНБ-ууд заавал хамрагдаж, баталгаажуулалт хийлгэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун мэдээлэл хийлээ.
Хэрэв заагдсан хугацаанд тооллого, хэмжилтэд хамрагдаагүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ч онцолсон юм. Газрын төлбөрийн хэмжээ ноогдох мөнгөн дүн бага буюу нэг га талбайд 600 төгрөг байдаг ч газрын төлбөрөө төлөхгүй хуримтлагдан өртэй болох тохиолдол олон байдаг гэнэ.
2006 онд улс орон даяар тус тооллого, хэмжилт хийгдэж байсан аж. Түүнээс дээрх ажил хийгдэлгүй тасарсан. Жил бүр тариалалтын талбайн газрын хэмжилт, тооллого хийдэггүй ч 2-3 жил тутам хийх шаардлага байдаг тухай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун онцоллоо. Учир нь иргэн, ААНБ-ууд өөрийн эзэмшлийн талбайгаа заагдсан хэмжээнээс хэтрүүлж газрыг хагалж тариалалт /улаан буудай, төмс, хүнсний ногоо/ хийх эсвэл заагдсан талбайн хэмжээнээс дутуу газар тариалалт хийх зөрчлүүд илэрдэг ажээ.
 
Л.Отгонбаатар
 

Related news