Тэтгэвэрт гарах боломжтой 195 малчнаас зургаа нь материалаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-13 22:29:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 онд малчин даатгуулагчаар тэтгэвэр тогтоолгох иргэдийн судалгааг гаргажээ. Манай аймагт 2455 малчин байгаагаас энэ онд 195 иргэн тэтгэвэрт гарах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтэст зургаан иргэн материалаа ирүүлжээ. Дээрх тоон судалгаанаас үзэхэд иргэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээлэл багатай, нөгөөтэйгүүр бичиг баримтын шаардлага хангахгүй байгааг харж болно. 

Мөн Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход зарим иргэдийн малын “А” дансны бүртгэл устаж үгүй болсонтой холбоотойгоор асуудал  үүсч байгаа талаар аймгийн НДХ-ийн тэтгэвэрийн мэргэжилтэн Э. Болормаа мэдэгдлээ.

Энэ хууль 2018 оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрэгтэй 55 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, харин эмэгтэй малчны тухайд 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсч байна.

Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчин-даатгуулагч нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатайг НДХ-ийн тэтгэврийн мэргэжилтэн мэдээллээ.
Үүнд: Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, Нийгмийн даатгалын дэвтэр, Иргэний үнэмлэхний хуулбар, Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт, Үндэсний статистикийн хорооны “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан малчин өрхийн бүртгэлийн хуулбар, Малчин өрхийн гишүүний бүртгэл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл архивын лавлагаа зэрэг бичиг баримтыг бүрдүүлж нийгмийн даатгалын хэлтэст ирүүлснээр малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэвэрийн насыг 5 жилээр урагшлуулсан хуулийн хамааралд багтаж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой ажээ.
 
 
Л.Отгонбаатар

Related news