Газрын албаныхан үр дүнгийн гэрээ байгуулж, архигүй хамт олон болох баталгаа гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-02 19:14:39
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү Газрын удирдлага, Барилга хот байгуулалтын хэлтсүүдийн дарга, мэргэжилтнүүд болон бүх сумдын газрын даамлуудтай энэ сарын нэгний өдөр үр дүнгийн гэрээ байгууллаа.
 
Мөн 2018 онд хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар чадавхжуулах сургалтыг хоёр хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Түүнчлэн “Архидалтгүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд бүх мэргэжилтэн, сумдын даамлуудтай ажлын цагаар болон албан томилолтоор ажиллахдаа архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэсэн баталгааг гаргуулжээ. 

Тус хамт олон 2017 оны газар зохион байгуулалт геодези зурагзүйн газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр аймаг, нийслэлийн байгууллагуудаас хоёрдугаар байр, Барилга хөгжлийн төвтэй байгуулсан гэрээний үр дүнгээр дөрөвдүгээр байранд тус тус шалгарчээ.
 
Дашрамд дурдахад 2018 онд улс болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн хэмжээнд нийт 22 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдөөд байгаа аж.
Д.Одонтунгалаг
Related news