Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-23 13:17:55

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт өнгөрөгч бямба гарагт Ховд аймагт ажиллаж, УИХ-аас баталсан хууль, тогтоол, мөн одоо хэлэлцэгдэж байгаа олны анхаарал татсан хуулиудын талаар мэдээлэл өгч, санал сонссон байна.

Тэрбээр Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзалт хийж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулах үеэрээ “Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр танхимын гишүүдээ өөрөө томилдог, танхимын гишүүн муу ажиллавал Ерөнхий сайд өөрөө хариуцлага үүрдэг механизмд шилжинэ” гэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Хамтын тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг олон хуулийн төслийн талаар танилцуулга мэдээлэл өгсөн байна.

Орон нутгийн иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог механизмыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх хэрэгтэй гэсэн санал хэлжээ.  

Мөн иргэд Ховд аймгаас мах бэлтгэл хийх, шатахууны үнийг буулгах боломжтой эсэхийг тодруулб байв. Үүнд УИХ-ын гишүүн Д.Батцогт “Монгол Улсын Ерөнхийлөгч Хятад улсад айлчлахдаа эхний ээлжид дулааны аргаар боловсруулсан мах гаргахаар болсон. Мөн дотоодын хүнсний нөөцөд мах авах асуудлыг хөөцөлдөж байгаа. Шатахууны үнийн хувьд хувийн хэвшлийн компаниуд нефть импортолдог учир тодорхой хэмжээний тохироо хийж татвараар зохицуулалт хийдэг. УИХ-д өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслөөр Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш аймаг, суманд аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг 1-5 хүртэл хувиар бууруулахаар заасан. УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд Ховд аймагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж 1 хувийн ААНОАТ төлнө” гэв. 

Н.Туяа

Related news