Б. Дөлгөөн: Ой модгүй, тал нутагт анх удаа ирж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-18 16:09:31

Эх орны хойд зах Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас говь нутагт ажиллаж, суралцахаар багш сурагчид хүрэлцэн иржээ. Тэд хагас сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургуулиудад суралцаж, ажиллах юм. 

Сайнцагаан, Түшиг сумын ЗДТГ хооронд түншийн харилцаатай ажилладаг бөгөөд энэ хүрээнд багш, сурагчдын туршлага солилцох аялалыг  зохион байгуулж байгаа юм байна. Түшигээс 5 багш, 6- 12 дугаар ангийн 7 сурагч Сайнцагаан суманд ирсэн бол мөн төдий тооны багш, сурагч Түшиг сумыг зорьжээ. Багш сурагчид говьд аялахдаа хичээл номоо тасалдуулахгүй,  дотуур байранд амьдарч өглөө нь сурагчид хичээлдээ сууж, багш нар хичээлээ заана. Харин үдээс хойш тэднийг Сайнцагаан сумтай танилцуулах аялалыг ЗДТГ зохион байгуулж байгаа ажээ.Багш сурагчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

Аялалын багийн хамгийн бага нь буюу Ялгуун баатар Л. Сумъяа бэйсийн нэрэмжит Түшиг сумын сургуулийн 6- р ангийн сурагч Б. Дөлгөөн:

-Сайн явж байна уу. Ирээд нэлээд хэд хонолоо. Гэрээ санаж байна уу?

-Ээж аавтайгаа байнга утсаар ярьж байгаа болохоор гэрээ санаагүй. Говь нутаг сонирхолтой байна.

-Одоо аль сургуульд суралцаж байгаа вэ?

- Би Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд суралцаж байна.

-Шинэ ангийнхан тань хэрхэн хүлээж авав?

- Маш дотно, элэгсэг хүлээн авсан. Надад Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэн газруудын тухайн ярьж, бид хамтдаа Соёл амралтын хүрээлэнгээр аяласан.

- Өөрийнх нь сурдаг сургуулиас ямар ялгаатай байна вэ?

-Их том юм аа. Олон хүүхэдтэй. Манай Түшигийн сургууль зургадугаар ангийн нэг л бүлэгтэй. Түүнд 18 хүүхэд сурдаг. Харин миний одоо сурч байгаа “Эрдмийн далай” сургууль зургаагийн 4 бүлэгтэй, нэг бүлэг нь гуч шахам хүүхэдтэй юм.

-Говь чиний хувьд ямар дурсамж үлдээхээр байна?

-Их сонирхолтой. Би урьд нь ой модгүй ийм тал нутагт очиж үзээгүй. Өчигдөр бид Улсын сайн малчин Б. Жаргалсайхан гуайнд очсон. Тэмээг анх удаа бодитоор нь харлаа. Их айж байсан ч боломж олдсон дээр нь унаж үзье гээд унасан. Тэмээн дээр мордоод босоход нь тэнгэрт гарчихсан мэт өндөр. Айсан ч би тэмээ унаж чадсан. Өнөөдөр биднийг аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ ах хүлээн авч уулзсан. Дундговь сайхан нутаг, дахиж ирээрэй гэж урьсан.

Түүх нийгмийн багш н.Буянтогтох:

-Таны хувьд говь нутгийн багш нараас суралцах зүйл юу байв?

-Манай Түшиг сумын сургууль 320 суралцагчтай. Багш нарын хувьд нэг мэргэжлийнх нь ихэвчлэн ганц байдаг. Тиймээс олон сурагчтай сургуулийн багш нар хүүхэд нэг бүртэй хэрхэн тулж ажилладаг, цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг харахыг хүссэн. Сайнцагаан сумын сургуулиуд нэг мэргэжлийн гурваас дээш багштай болохоор багш нар баг болж хамтран хичээлийн хөтөлбөрөө гаргаж, бие биеэсээ суралцаж ажилладаг юм байна. Энэ бол давуу тал гэж би бодож байна.

- Та өөрийн мэргэжил нэгт багш нартаа ямар шинэ санаа хэлж өгөө вэ?

-Орчны хичээлийн талаар санал хэлсэн. Манай Түшигийн сургууль орчны хичээлийг маш сайн явуулдаг. Сурагчдаа хил дээр аваачин хичээллэж л байлаа. Улаан овооны уурхай, дэлгүүр хоршоонд ч хичээллэж л байсан. Тухайн орчинд сурагчдаа аваачин хичээллэх нь танин мэдэхүй талаасаа үр өгөөжтэй байдаг. Бидний энэ туршлагыг Сэлэнгэ аймгийн бүх сургууль нэвтрүүлсэн байдаг.Сайнцагаан сумын сургуулиуд ч манай энэ туршлагаар хичээлээ сонирхолтой болгох боломжтой гэж бодож байна.

Монгол хэл, уранзохиолын багш Н. Батчимэг:

-Та өөрийн багшилж байгаа сургуулиас ямар давуу талыг олж анзаарав?

-Би Сайнцагаан сумын “Мандал” сургуульд багшилж байна. Энэ сургууль шинээр байгуулагдсан болохоор сургалтын орчин үнэхээр тохилог юм. Харин багш нарын хувьд сургалтын техник хэрэгсэл дутагдалтай гэж байна. Гэхдээ сая Боловсролын яамнаас комьпютер ирж байна лээ. Багш нарын хувьд баг болж ажилладаг юм байна.

-Харин ямар дутагдалтай тал байх шиг байна?

-Багш нар хичээлээс гадна дугуйлан хичээллүүлдэггүй юм байна. Дугуйлан хичээллүүлэхэд  урамшуулал өгдөг байсныг больсонтой холбоотой гэж сургуулийн захирал хэлсэн. Хэдийгээр урамшуулалгүй болсон ч гэсэн манай Түшигийн багш нар өөрсдийн санаачлагаар дугуйлангууд хичээллүүлдэг. Манай сургууль 19 дугуйлантай. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь багш хүний хувьд үүрэг хариуцлага нь байх ёстой дугуйлан секц хичээллүүлэхэд заавал урамшуулал хараад байх шаардлагагүй гэж бодож байна.

Т.Отгонтуяа

Related news