Хүүхдийн хөгжлийн онцлогт суурилан төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-08 16:02:20
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Архангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн 1, 2 болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, насан туршийн боловсролын багш нарт хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр сургалт явуулж байна.
Сургалтын гол зорилго нь хүүхдийн төлөө үүрэг хүлээж байгаа багш нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн асуудлаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн байна.  

Сургалтанд 19 сумын 80 гаруй багш нар оролцож байгаа бөгөөд хүүхдийн хөгжлийн онцлогт суурилсан хүүхдийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээр тэдний хэрэгцээнд суурилсан үйлчилгээ үзүүлэх боломжгүйг тооцож, хүүхэд гэж хэн бэ, 6-12, 13-18 настай хүүхдийн хөгжлийн онцлог ямар байгаа вэ, тэдэнд тохирсон хөгжил, хамгааллын ямар үйлчилгээ чухал байна вэ гэдгийг тодорхойлох ажээ.

Энэ сургалтын үр дүнд багш нарын мэдлэг нэмэгдэж хүүхдэд чиглэсэн үйлчилгээний хүрээ өргөжин, хүүхдүүдийн оролцоо сайжирна гэж үзэж байна.

Б.Гэрэлт-Од
Related news