Монгол БНХАУ-д малын тэжээл нийлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-13 12:56:51

БЭЭЖИН. /Chinadaily/. Сүү цагаан идээ болон уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд БНХАУ ирэх жил Монголоос 400 мянга гаруй тонн малын тэжээл импортолно гэж албаны хүн мэдэгдэв.

Тэжээлийг нийлүүлэх ажиллагаа аль хэдийн эхэлсэн бөгөөд 200 тонн тэжээлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы хойд нутгийн Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомтод лхагва гарагт хүргэсэн байна. Ингэснээр БНХАУ анх удаа Монголоос малын тэжээл импортолж байна.

Монголын зүүн нутаг нь малын тэжээлийн нөөцтэй ихтэй учир тус улсын Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагтай Шилийн гол аймаг гэрээ байгуулжээ.

Энэ жилд багтаан БНХАУ Монголоос 100 мянган тонн малын тэжээл авахаар төлөвлөсөн бөгөөд 2016 онд импортын нийт хэмжээ 400 мянган тонн хүрэх төлөвтэй байна.

Тэжээлийн тариалангийн үйлдвэрлэл хязгаарлагдмал учраас БНХАУ мал аж ахуйн салбараа дэмжих зорилгоор АНУ болон Австралиас малын тэжээл импортолдог байна. Царгас, эрдэнэ шиш зэрэг малын бордоо, тэжээлийн ханш нэмэгдэж, Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний фермерүүд үнээгээ чанартай тэжээлээр тэжээж чадахгүйд хүрсний улмаас өнгөрсөн хоёр жилд БНХАУ-ын сүүний үйлдвэрлэл буурчээ.

"БНХАУ-ын тариалангийн талбайн дийлэнхийг үр тариа, хүнсний ногоо тарихад ашиглаж байгаагийн улмаас Хятадын малын тэжээлийн тариалалт бусад хөгжингүй орнуудаас маш их хоцрогдсон. БНХАУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүн болон үхрийн аж ахуй импортын малын тэжээл болон царгасаас хэт их хамааралтай байна" гэж Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны дэд дарга Навчмаа хэлэв.

БНХАУ-ын зүүн нутгийг бодвол эдийн засаг болон мал аж ахуйн хөгжил сул баруун нутагт үхрийн аж ахуй эрхлэх нь зардал ихтэй болсонтой холбогдуулан Хөхнуур болон Ганьсу муж, Нинся Хотон болон Шинжаан Уйгарын өөртөө засах орон зэрэг Хятадын баруун нутагт сүү, үхрийн мах, хонины махны эрэлт сүүлийн таван жилд ихээхэн нэмэгдсэн гэж тэрбээр ярив.

Бэлчээр болон үржлийн мөчлөг хязгаарлагдмал байгаагаас болж БНХАУ-ын хонины аж ахуй дотоодын эрэлтээ хангаж чадахгүй байна. Ингэснээр сүүлийн таван жилд хонины махны үнэ мөн өсчээ.

Дотоодын хүнсний эрэлтийг хангахын тулд БНХАУ-ын Засгийн газар Төв Ази, Европ, Өмнөд Америкийн худалдааны түнш орнуудтайгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах зэргээр хүнсний бүтээгдэхүүний олон улсын худалдааг өргөжүүлж байна.

Дотоодын зах зээлд хэрэгцээтэй байгаа хүнсний бүх бүтээгдэхүүнийг БНХАУ дотооддоо ургуулах боломжгүй болж, сүү сүүн бүтээгдэхүүн, үхэр болон хонины махны дотоодын хэрэгцээгээ хангахын тулд түнш орнуудтайгаа нягт харилцаатай ажиллаж байгаа нь Монголын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид болон малын тэжээл нийлүүлэгчдэд асар их боломжийг олгож байна гэж Монголын Бичигт боомтоос мэдэгдэв.

Уг гэрээний хүрээнд Шилийн гол аймаг болон Монгол Улс адууны худалдаа эхлүүлэх ажээ. Ирэх жил талууд 20 мянган адуу худалдахаар төлөвлөсний зэрэгцээ үхэр болон хонины аж ахуй эрхлэгчдэд зах зээлийн шинэ сувгийг нээж өгөх юм.

Д.Нямтулга

 

Related news