Удам дагасан малч ухаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-28 19:39:04
Хэнтий /МОНЦАМЭ/. Монголын мянга мянган гэр бүлүүдийн төлөөлөл болсон Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Г.Дашдэндэв гуайнх удмаа залгасан сайн малчид юм. Тиймээс сэтгүүлч миний бие санаа сайтын үр, заяа сайтын үргэлжлэл болсон энэ тэнгэрлэг гэр бүлийн тухай сурвалжлан хүргэхийг зорилоо.

Бидний өвөг дээдсүүд орчлон хорвоогийн жам ёсыг таньж, өөрсдийгөө төдийгүй өнгөт ертөнцийг засан залруулж, засаглан тохинуулж ирсэн үнэний түүх, үнэлж баршгүй соёлтой ард түмэн билээ. Өвөг дээдсийнхээ ухаарч таньсан ухааны ундарга, учиглан зангидсан тэнгэрийн барилдлага, оньслон бүтээсэн оюуны ончийг бид эцэг эхээсээ өвлөн суралцаж, өөрсдөө баяжуулан бүтээж, үрс хойчистоо уламжлуулан үлдээдэг жамтай. 

Г.Дашдэндэв гуайн эцэг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын уугуул Сандагийн Галсанжамц нь Гандантэгчлэн хийдийн гавж хүн байсан бөгөөд 1937 оны цаг төрийн үймээнээс болж, хөдөө мал маллан амьдрах болжээ. Хөдөө амьдрах болсноосоо хойш Тогоогийн Даш хэмээх нутгийн бүсгүйтэй ханилж,  7 хүүхдийн эцэг эх болон эгэл малчны амьдралаар замнаж ирсэн байдаг. Г.Дашдэндэв гуай энэ айлын 3 дахь хүүхэд бөгөөд  араараа модтой Биндэръяа нутагт төрж өссөн нэгэн. Бага залуу наснаасаа малын захад өссөн тэрбээр 1965 онд “Цэргийн гавьяаны улаан тугийн одонт” Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид алба хааж, 1969 онд Биндэр сумын уугуул Цэндийн Жавзан хэмээх эгэл малчин бүсгүйтэй амьдралаа холбожээ. Залуу гэр бүл Биндэр сумынхаа “Бүтээлч” нэгдэлд орж, нэгдлийн малыг дутаалгүй, төлөвлөгөөгөө сайн биелүүлдэг  байсан тул “Сумын аварга малчин”-аас “Засгийн газрын жуух” хүртэл олон шагнал урамшууллыг хүртэж ирсэн юм.

Г.Дашдэндэв гуай гаргууд сайн уяач. Тэрбээр 1970 оноос хойш морь уях болж, аймаг орон нутаг, бүсийн чанартай томоохон уралдаануудыг алгасалгүй шандаст хүлгүүдээ сойсоор иржээ. Тухайн үедээ түүний гаргасан амжилт  одоо цагт  Аймгийн алдарт уяачийн хэмжээнд хүрэхүйц  юм.  Энэ жил 50 дахь жилээ мал маллаж яваа Г.Дашдэндэв гуай 1990 оноос ардын аж ахуйтан болж, хувиараа мал маллах болсоор өдийг хүрчээ.  50 гаруй жил улсынхаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд тууштай, үр дүнтэй зүтгэсэн түүний хөдөлмөрийг аймаг орон нутгаас үнэлж, 2015 онд Аймгийн Аварга малчин цол тэмдэг, 2016 онд Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Хөдөө аж ахуйн хүндэт профессор” цол тэмдгийг тус тус хүртээжээ.   

Г.Дашдэндэв гуайнх  2 хүү, 1 охинтой айл бөгөөд хүүхдүүд нь бүгд удмаа залган мал аж ахуйг дагнан амьдарч байна. Ууган хүү Д.Алтансүх нь 2016 онд Хэнтий аймгийн Аварга малчин цолоор энгэрээ мялаасан бол удаах хүү Д.Болдоо нь 2015 онд Биндэр сумын аварга малчин болжээ. Харин охин  Д.Алтантуяа нь гэр бүлийнхээ хамт мянга  гаруй толгой мал маллан амьдарч байна.   
 
УДАМ САЙТЫН ҮРГЭЛЖЛЭЛ...

Идэр есийн жаврыг сөрж урагш тэмүүлсэн, ирээдүйн Монголын эзэн малчин удмын заяа, хийморь босоо түмэн олны үр садхүмүүнд төрсөн удам сайтын үргэлжлэл Монгол заяа мину. Г.Дашдэндэв гуайнх үр ач олуулаа. Хамгийн том ач нь 19 настай идэр залуу байдаг бол хамгийн бага нь 5 настай бяцхан хүү байдаг. Түүний ууган хүү Д.Алтансүхийн дунд хүү А.Ганбат удмаа үргэлжлүүлсэн малчин эр. Өвөө эмээгийн амины хүүхэд тэрбээр арваадхан наснаасаа өвөөгөө даган, мал маллах эрдэм чадалд суралцаж эхэлсэн ажээ. Тиймдээ ч 16-хан насандаа “Мянгат малчин” цол хүртсэн хувьтай хүү. Энэ жил 18 нас хүрч яваа А.Ганбатыг нутгийнхан нь өвөөгийнхөө мал маллах эрдэм чадлыг гаргууд эзэмшиж яваа ирээдүйтэй малчин  хэмээн үнэлдэг юм билээ. Залуу малчин маань хурдан моринд тун дуртай. Энэ жил сумынхаа баяр наадамд хүлгүүдийнхээ шандсыг сойхоор хэдий нь ажилдаа оржээ. Бага наснаасаа малд нүдтэй түүнийг өвөө аав хоёр нь удмаа залгах сайн малчин болох талтай хэмээн таамаглаж байсан нь өдгөө биеллээ олжээ. Малчин хэмээх их хувь заяанд төрж, мал маллах арга ухааныг хэдэн үеэрээ өвлөн яваа энэхүү эгэл жирийн малчдын төлөөлөл нүүдэлчин түмний их түүхийг маргаашруу тээж явна...

Дэлхийн түүхийг бүтээлцсэн агуу дээдсүүдийн үргэлжлэл, дээшлэх заяаг нь өртөөлсөн угсаат удмын хойч, эдүгээд үнэнийг бүтээж, ирээдүйдээ өвлүүлэн уламжлуулагч эрин үеийн холбоос болсон эрхэм малчдын минь алтан ясных нь аргамжаа бөх, ариун цусных нь бэхэлгээ цэвэр байж, тэнгэр заяагаа тэтгэн өндөрлөж, түмэн үеэр нь үрсээ тэтгэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Д.Одонтунгалаг

Related news