Залуу манлайллын хөтөлбөрийн III шатанд 27 оролцогч шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-28 13:57:33
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн манлайлагч залууст боломж олгох зорилготой “Lead Khentii” хөтөлбөрийн III шатанд сум тус бүрээс гурав буюу нийт 27 оролцогч шалгарч үлдээд байна.
 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын залууст зориулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Адарга, Биндэр, Галшар, Дадал, Норовлин, Бэрх хотын 15-30 насны бүтээлч, эерэг сэтгэлгээтэй залуусыг энэхүү хөтөлбөртөө нээлттэйгээр урьжээ.

Тус хөтөлбөр нь хөдөө орон нутаг, тэр дундаа сумдад ажиллаж, амьдарч буй өөрийгөө болон сум орон нутгаа хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг дэмжих, дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмших хүсэлтэй манлайлагчийг бэлтгэх зорилготой аж. Хөтөлбөр 2017 оны долдугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд дөрвөн үе шаттай явагдах юм байна.
 
Эссэ бичиж, илтгэл танилцуулсан өмнөх хоёр шатнаас шалгарсан шилдэг 27 оролцогч Улаанбаатар хотноо есдүгээр сарын 20-25-ны хооронд хувь хүний хөгжлийн цогц сургалтанд хамрагдаж, хөгжиж, нөхөрлөж, сонирхолтой даалгаврууд биелүүлж, супер шагналын төлөө өрсөлдөх аж.

Хөтөлбөрт хамрагдсан шилдгийн шилдэг гурван оролцогчийг АНУ, БНСУ, БНХАУ-д богино хугацааны удирдлагын хөтөлбөрт хамрагдах эрх хүлээж байна.
Д.Одонтунгалаг
Related news