Д.Тулга: Хэнтий нутагтаа ахин ирж ажиллах сайхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-22 14:15:53
Хэнтий /МОНЦАМЭ/. Эцгийнхээ захиасыг мөрдлөг болгон, хүсэн мөрөөдсөн ажлаа хийж, хянагчаас ангийн дарга, байлдагчаас хурандаа хүртлээ хүчин зүтгэж яваа Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 419 дүгээр ангийн дарга, хурандаа Д.Тулгатай ярилцлаа.

-Их хааны өлгий нутагт хоёр дахь удаагаа томилогдон ирсэнд баяр хүргэе. 
-Баярлалаа. Хэнтий аймагтаа эргэн ирж ажиллаж, амьдарч байгаадаа үнэхээр сайхан байна. Их хаан хатдын өлгий нутгийн ард түмэн, байгууллагын хамт олон, тэдний гэр бүлийнхэн, ахмад буурлууддаа энэ өдрийн мэндийг хүргэж, ажил амьдралд нь гэгээтэй, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Та аль нутгийн хүн бэ? Аав, ээжийгээ танилцуулаач?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат. Миний аавыг Б.Даваадорж, ээжийг маань М.Лхагваа гэдэг. Ээж маань багш хүн байсан. 2005 онд өөд болсон доо. Миний аав Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Бэрлэг дэх хорих ангиудад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Би энэ байгууллагад үе дамжин ажиллаж байгаа. Хянагчаас нь ангийн дарга хүртэл, байлдагчаас нь хурандаа хүртлээ энэ салбарын 12 анги нэгж дээр томилогдон ажиллаж байна.

-Таны эзэмшсэн мэргэжил, ажлын гараа, туршлагын талаар яриагаа үргэлжлүүлье?
-Би Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Анх 1993 онд Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Хорих 413-р ангид хянагчаар ажиллаж байгаад Цагдаагийн дээд сургуульд суралцсан. 1998 онд сургуулиа төгсөөд Тахир соёот дахь Хорих 405-р ангид ээлжийн даргаар томилогдон офицерийн бүрэлдэхүүнд орж ажил амьдралын гараагаа ангийн 4 нөхдийн хамтаар эхэлж байлаа.
Төвлөрсөн хорих анги болох Говьсүмбэр аймаг дахь хорих 425, Амгалан дахь хорих 421, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь хорих 413, Хэнтий аймаг дахь хорих 419, Тахир соёот дахь хорих 429, Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих 423 дугаар ангиудад ээлжийн дарга, ахуй дэглэмийн байцаагч, нийгмийн ажилтан, төлөөлөгч, дэд дарга, Багануур дахь хорих 427-р ангид 2012-2016 онд Албаны дарга, Төв аймгийн Мөнгөнморьт дахь хорих 417-р ангид 2016-2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Ангийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/657 дугаар тушаалаар тус албанд албаны даргаар томилогдон ажиллаж байна.
Хэнтий аймагт 2002-2005 онд ажиллаж байлаа. Тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан 8 алба хаагч одоо хамт ажиллаж байна. Тэдэнтэйгээ эргээд уулзахад сайхан байна. Хамт ажиллаж байсан зарим хүмүүс маань ахмадын эгнээнд шилжиж, тэдний маань үр хүүхдүүд залгамж халаа болоод ажиллаж байгаа нь үнэхээр бахархалтай юм.

-Таны аав энэ салбарын ахмад ажилтан гэлээ. Ахмад ажилтны хувиар, эцэг хүний хувиар танд хэлдэг байсан захиас гэвэл?
-Ямар ч хүн амьдралдаа их багаар алддаг. Алдааг нь ахин давтуулахгүй, амьдралыг нь босгож, хүмүүст тусална гэдэг их том асуудал. Аав маань “Хүнээр хүн хийнэ гэдэг тийм амаргүй. Хүнтэй ажиллаж, хүнтэй зөв харьцаж, хүнийг зөв замд оруулах сайхан ажил юм шүү” гэж хэлдэг. Аавынхаа хэлсэн үгний утга учрыг олохын тулд энэ байгууллагад орж ажиллахыг мөрөөддөг байсан. Өөрийнхөө хүсэл зорилгын дагуу энэ байгууллагад ажиллаж байгаадаа баяртай байдаг.

-Өнгөрсөн сарын 1-нээс шинэчлэн найруулсан багц хуулиудыг мөрдөж байгаа. Танай салбарт эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж, хорих ангийн дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлж байгаа бөгөөд манай анги нээлттэй хорих анги болох, нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байх тул бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хорих 419 дүгээр ангиас хэчнээн ялтан суллагдаж, ялын хэмжээнд өөрчлөлт орсон бэ?
-Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус албан дээр Шүүх хуралдааныг зохион байгуулж, хуулийн тэгшитгэлээр нийт 77 хүн суллагдсан. Үүнээс Хэнтий аймгийн харьяат 34 хүн суллагдсаныг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд хуулийн тэгшитгэлээр 60 хоригдлын ялаас их, бага хэмжээгээр хасагдсан байна.

Таны ажилдаа баримталдаг зарчим, цаашид хийхээр төлөвлөж байгаа бодлого, зорилтууд?
-Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулийг хэрэгжүүлэх, алба хаагчид, иргэд, хоригдогсодтойгоо алагчлалгүй хандах, шударга байж төрийн алба тасралтгүй байх зарчмыг баримталж ажилладаг. Мөн ажилтан албан хаагчдынхаа ая тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэлээд ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, ард иргэдэд үйлчлэх 220.0 сая төгрөгийн төсөвтэй “Нэг цэг”-ийн үйлчилгээний барилга барих ажилд Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулж “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гаас 35.0 сая төгрөгийн санхүүжилт аваад байна. Ял эдэлж буй хоригдлуудыг орон нутгийн хэмжээнд явагдах бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээний ажилд оролцуулах талаар аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан гэрээний дагуу Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. “Хэрлэнбаян Улаан” отрын бэлчээр ашиглалтын захиргаатай 310 м блокон хашаа хийх гэрээг байгуулан ажиллаж байна.

-Амжилттай яваа хүний ард найдвартай, түшиг тулгуур болсон гэр бүл нь байдаг. Таны гэр бүлийн тухайд?
-Миний хань, 3 хүүхдийн минь эх Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Мянганы Мөнхжаргал гэдэг энгийн даруу бүсгүй байдаг. Цагдаагийн сургуульд суралцаж байх үедээ ханьтайгаа танилцаж, амьдралаа эхлүүлсэн. Бид нэг салбарынхан, хань маань ахмад цолтой, шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг.
-       Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье. 
Д.Одонтунгалаг

Related news