Хэнтийн 350 гаруй залуус дуу хоолойгоо нэгтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-16 20:33:06
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн 350 гаруй залуус нэгдэж, Баян-Овоо сумын Гүрмийн нуурын хөвөөнөө гурван өдрийн турш чуулж, дуу хоолойгоо нэгтгэв.

“Залуус хөгжлийн эхлэл” сэдэвт тус чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хэнтий аймгийн Оюутан Залуучуудын холбоо, Баян-Овоо сумын Залуучуудын холбоотой хамтран зохион байгууллаа.
 
Чуулганы нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мандуул, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Амгаланбаатар, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх тэргүүтэй хүндэт зочид оролцжээ.  
 
Хан Хэнтийн залуус нэгдэж чадсан анхны хэмээх тодотголтой уг залуучуудын чуулга уулзалтад 17 сумын төлөөлөл болсон 350 гаруй залуус оролцож, санал солилцон, урлаг спортоор өрсөлдсөн байна. Чуулга уулзалтаар сумдын мэндчилгээ, урлагийн номер, үндэсний бөхийн барилдаан, буухиа, олс таталт зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж, нийлбэр дүнгээр Баян-Овоо сумын Залуучууд шилжин явах цомын эзэд болсон аж.

Тус чуулганы хамгийн чухал хэсэг нь Хэнтий аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих “Дэд хөтөлбөр”-т санал оруулах хэлэлцүүлэг байв. Залуучуудын эрх ба хөдөлмөр эрхлэлт, Залуучуудын оролцоо, Түншлэл, Тогтвортой байдал зэрэг 4 үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, залуус баг болон хуваагдаж, идэвхтэй оролцсон байна. Тэд Залуус хөгжлийн төвтэй болох, Залуучууд гадаадад суралцах боломж нөхцлийг бий болгох, төр засгаас хөнгөлөлт үзүүлдэг байх, Удирдлагын бодлогын баримт бичиг, төлөвлөгөөнд залуучууд өөрсдийн дуу хоолой, асуудлаа тусгадаг байх, Залуучуудын хөгжлийн үйл ажиллагаанд зориулагдах төсөв санхүүтэй болох, Төрийн албаны босго өндөр ажилласан жил заадгийг өөрчлөх, Намчирхал талцлаас ангид тогтвортой ажлын байр хүсэж байна зэрэг нийтлэг асуудлуудыг хөндсөн байна.
 
Мөн энэ үеэр чуулганд оролцогч залуус нэгдэж, Баян-Овоо сумын “Гүрмийн нуур”-ын тохижилтод зориулж нэг сая төгрөгийн хандив өргөсөн байна.
 
Чуулга уулзалт цаашид уламжлал болон зохион байгуулагдахаар төлөвлөгдөж, ирэх жил Баянмөнх суманд болохоор товлогджээ.
Д.Одонтунгалаг
 
 
 
Related news