Асрамжийн төвийн хүүхдүүдэд 1 сая төгрөгийн хичээлийн хэрэглэл бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-16 18:20:22
Yesukheitumur Tumurbaatar
Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга ноён Кан Дун-Гу болон тус хотын ИТХ-ын төлөөлөгчид, хороодын дарга нар, ажлын албаны ажилтнууд “Нарны хүүхдүүд” төвөөр зочлов.

Тус төв 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 40 хүүхэд “Нарны хүүхдүүд” төвд амьдарч байна. Төвийн багш нар хүүхдүүдэд зөвхөн асрамж халамж үзүүлэхээс гадна амьдрах ухаанд сурган, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд анхааран ажилладгаараа онцлог юм.

Оёх, зурах, язгуур урлагийн тоглолт үзүүлэх зэрэг өөрсдийн сурсан мэдсэнээрээ сурагчид тодорхой хэмжээний мөнгө олж түүнийгээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас зэрэг шаардлагатай зүйлээ авахад зарцуулдаг аж. Харин энэ удаа тэдэнд 1 сая төгрөгийн хичээлийн хэрэглэлийг Бүчон хотын ИТХ-аас бэлэг болгон өгсөнд багш, сурагчид баяртай байгаагаа илэрхийлэв. 
 
Ж.Золзаяа
Related news