Дархан-Уулд сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-07 10:49:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт Дархан-Уул аймагт хуулийн дагуу дөрвөн сумын 39 санал авах байранд өнөөдөр өглөөний 07 цагт нэгэн зэрэг эхлэв. Дархан сумын 471 дүгээр хэсгийн хороогоор орж өглөөний 9 цаг 20 минутад дараах сурвалжлагыг хийлээ. Тус 471 дүгээр хэсгийн хорооны Ахлах зохион байгуулагч Р.Орхонтуяа: “Манай хэсгийн хороо хуулийн дагуу санал хураалтаа яг цагт нь эхлүүлээд санал хураалт хэвийн үргэлжилж байна. Энэ санал авах байранд Дархан сумын 11 дүгээр багийн нийт 2343 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Яг одоо 9 цаг 20 минутын байдлаар 230 сонгогч саналаа өгсөн буюу 09,82 хувьтай үрэгэлжилж байна. Хуулийн дагуу өчигдөр бид 21 сонгогчийн саналыг битүүмжилсэн зөөврийн хайрцагаар авсан. Мөн МАН, АН тус бүрээс хоёр ажиглагч ажиллаж байна. Санал хураалтыг дөнгөж эхлүүлсэн эхний үед ахмад сонгогчид болон дунд, залуу үеийнхэн олноороо ирж саналаа өгч байна” гэв. Тус аймгийн хэмжээнд нийт 39-н хэсгийн хорооны санал авах байр ажиллаж үүнээс Дархан суманд 31, Шарын гол, Хонгор суманд тус бүр гурав, Орхон суманд хоёр санал авах байр ажиллаж эдгээрт нийт 380 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн Сонгуулийн Хорооны мэдээгээр энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад аймгийн хэмжээнд нийт 67017 сонгогч бичигдсэн бол нийт 66200 орчим саналын хуудас хүлээж авчээ. Аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбатаас тодруулахад сонгуулийн санал хураалт хуулийн цагтаа эхлэсэн. Сонгуулийн хороонд хандсан ямар нэгэн зөрчил, гомдол ирээгүй санал хураалт хэвийн үргэлжилж байна. Ирцийн байдлыг харж байгаад сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах ажлыг багуудаар нь дамжуулж зохион байгуулна гэлээ.
                                                                                                                                                
Б.Норовсамбуу
Related news