Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авах иргэдэд батламж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-05 10:36:21
Хэнтий /МОНЦАМЭ/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 онд санхүүгийн дэмжлэг авахаар болсон зарим иргэдэд "Хөтөлбөр, үйл ажиллагаа сурталчлах өдөрлөг"-ийн үеэр батламж гардуулж өгөв. Уг санхүүгийн дэмжлэг буюу итгэлийн зээлийг хүүгүй, ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 2-4 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож эхлээд байгаа аж.

Энэхүү өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон МСҮТ зэрэг байгууллагууд оролцсон бөгөөд улс орон даяар явагдсан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгт Хэнтий аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баярмаа, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга С.Эрдэнэжаргал болон бусад байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга С.Эрдэнэжаргал, "Манай байгууллага хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон "Ажилтай орлоготой өрх" хөтөлбөрийн хүрээнд жилд 1200-аас доошгүй иргэнийг байнгын ажлын байранд зуучлана гэсэн төлөвлөгөөтөй байгаа. Харин оны эхний байдлаар 320 гаруй иргэнийг ажлын байранд зуучлаад байна" гэлээ.

Тус арга хэмжээ нь ажил хайж буй иргэдэд чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах, нийгмийн халамжийн үйлчилгээний зөвлөгөө мэдээллийг хууль, эрх зүйн үүднээс зорилтот бүлгийн иргэдэд ил тод, нээлттэй хүргэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Д.Одонтунгалаг
 
Related news