Хэнтийд гарсан түймэрт 8000 га ой өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-05 10:29:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ зуны хувьд бороо хур багатай, хуурайшилт ихтэй байгаагаас манай аймгийн нутаг дэвсгэрт хэд хэдэн ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учраад байна.  

Тус аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт сумын төвөөс 150км-т “Дааган дэл“ гэдэг газарт өнгөрөгч сарын 11-ний өдөр  ойн түймэр гарч, сумын ЗДТГ, ИТХ, Хан хэнтийн  тусгай хамгаалалтын газар, ОБГ-ын Гал түймэр унтраах 32-р анги, Цэнхэрмандал сумын  ЕБС, ОБЕГ-ийн Аврах тусгай ангийн Аврах салбар, Эрэн хайх, аврах салбар, Гамшгаас хамгаалах улсын хяналт, аймгийн Гамшгаас хамгаалах тусгай зориулалтын мэргэжлийн анги, Бор-Өндөр сумын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангиас нийт 228 хүн, 22 автомашин, 10 мотоцикл  ажиллалаа. Уг түймэр нь сумын төвөөс алслагдсан, шавар, ус, хад чулуу зэрэг байгалийн саад бартаа ихтэй газар гарсан бөгөөд шилмүүст ой тул түймрийн шаталтын эрч хүчтэй, тархалт түргэн, хөвд хүлэр ихтэйгээс унтраах ажиллагаа удаашралтай байжээ. Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргал түймэр унтраах арга хэмжээг газар дээр нь зохион байгуулж,  дайчилгаагаар ирсэн иргэдийг онцгой байдлын газрын түймэр унтраах бүлгүүдэд хуваарилан, 8 бүлэг, 16 хэсэгт хувааж,  түймрийн голомтыг тойруулан бүлгүүдийг байрлуулан ажилласнаар 19-ний өдөр түймрийг цурманд оруулсан аж. Ингээд тус түймрийг 6 дугаар сарын 22-ны өдөр бүрэн унтраагаад байна. Энэхүү ойн түймэр нь аянганаас гарсан нь тогтоогдсон бөгөөд түймрийн экологийн хохирол одоогийн байдлаар тогтоогдоогүй,  урьдчилсан байдлаар 8000 гаруй га ой өртөж, түймрийг унтраахад 8.7 сая төгрөг зарцуулагджээ. Мөн Биндэр сумын Баянгол 3-р багийн “Өвөр тарвагатай” гэдэг газарт сумын төвөөс хойш 80 км-т өнгөрөгч сарын 16-ны өдөр ойн түймэр гарч, орон нутгаас 33 иргэн, 3 автомашин, 3 морь, 4 мотоцикль,   Дорнод аймгийн  ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангиас  30 албан хаагч, 3 авто машинтай ажиллаж,  6 дугаар сарын 18-ны өдөр цурманд оруулж, 6 дугаар сарын 19-ний өдөр бүрэн унтраагаад байна.

Түймэр унтраахаар ажиллаж буй бие бүрэлдэхүүнд эд материал, сэтгэл санааны тусламж үзүүлсэн Иргэний бүртгэлийн хэлтэс, болон иргэн Г.Батбаяр, А.Жаргалсайхан, аймгийн Сайн малчин Г.Дансрангүн, Г.Лхам,  Д.Болдбаатар, Н.Ганбаатар, Т.Лхагва-Эрдэнэ, Э.Дашбаатар, Д.Цэндсүрэн, Л.Дашмөнх, Ж.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Түмэнбаяр, М.Зоригтбаатар, Л.Хандаа нарт Хэнтий аймгийн ОБГ-ын хамт олноос талархал илэрхийлснийг уламжлая.
Д.Одонтунгалаг
Related news