“Роснефть” хөгжлийн шинэ стратегиа боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-21 10:02:29
МОСКВА./TASS/. “Роснефть” компани орчин үеийн зах зээлийн  эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд хөгжлийн шинэ стратегиа боловсруулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Тэрбээр “тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд бид компанийн шинэ стратегийг боловсруулж байгаа, үүнтэй холбогдуулан тодорхой үүрэг даалгаврыг өгөх болно” гэжээ.

Ерөнхийлөгчид ажлаа танилцуулах үеэрээ И.Сечин Санкт-Петербургийн чуулга уулзалт дээр В.Путины өгсөн санамж зөвлөгөөг тус компани анхааралтай судалсан гэдгийг онцолсон байна. “Дэлхийн зах зээл тогтворгүй байгаа нөхцөлд хэрхэн ажиллах, компанийн үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, материалын урсгал, компанийн эрхэлж буй бүх бизнесүүдийн нийлүүлэлтийн сүлжээг удирдах тоон технологийг ашиглах зэрэг бүх асуудлуудыг удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурал, дараа нь болох Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэх болно” гэж Игорь Сечин ярьжээ.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ, “Роснефть” хэдхэн хоногийн өмнө “Женерал электрик” компанитай ийм технологийг ашиглах талаар хамтарсан үйлдвэрийн газар байгуулсан гэдгийг дурдлаа. “Энэ нь томоохон үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа, иймд тус компанийн стратегид өөрчлөлт оруулах шаардлагатай болно” гэжээ. Компани үр ашгаа дээшлүүлэхэд чиглэгдсэн бүхий л шийдлүүдийг тухайлбал “олборлолт боловсруулалтын хамгийн орчин үеийн технологийг ашиглах гэж байгааг И.Сечин нэмж дурдсан байна.
О.Барс
 

 

 

 

Related news