АНУ, Швейцарын талууд татварыг бууруулах тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-15 11:32:22

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /DW/. АНУ, Швейцар улсууд Ерөнхийлөгч Дональд Трампын энэ оны эхээр ногдуулсан татварыг бууруулах хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрчээ. Швейцарын Эдийн засгийн сайд Ги Пармелинтэй энэ долоо хоногт Вашингтонд хийсэн хэлэлцээний дараа худалдааны суурь хэлэлцээрийн талаар баасан гарагт зарлалаа. 


Энэхүү хэлэлцээр нь АНУ-аас Швейцарт ногдуулсан импортын татварыг 39 хувиас 15 хувь болгон бууруулах бол Швейцарын тал АНУ-д 200 тэрбум ам.долларын /172 тэрбум евро/ хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир хэлэхдээ, Швейцарын “асар том” хөрөнгө оруулалт нь Америкийн эмийн бүтээгдэхүүний алдагдлыг бууруулж, орон даяар олон мянган ажлын байр бий болгоход туслах ажээ.


Энэ оны наймдугаар сард Д.Трамп Швейцараас нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 39 хувийн татвар ногдуулсан бөгөөд энэ нь хөгжингүй орнуудын дундаа хамгийн өндөр тариф байлаа. Швейцарын хувьд энэхүү өндөр татвар нь Альпийн нурууны улсын хамгийн чухал худалдааны түншүүдийн нэг болох АНУ-тай хийх худалдааны харилцаанд нь томоохон хохирол учруулна хэмээн болгоомжилж байсан юм. 


Өндөр тариф нь эмийн бүтээгдэхүүн, цаг үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн машин механизм, шоколад, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээрээ алдартай, экспортоос хамааралтай Швейцарын эдийн засагт аюул заналхийлж байсан юм. Тэгвэл баасан гарагт зарласан хэлэлцээрийн дагуу Цагаан ордон Европын Холбоонд ногдуулсан татварын хувь хэмжээтэй ижил түвшинд буюу 15 хувь хүртэл бууруулахаар тохиролцжээ.


Ж.Грир CBS телевизэд өгсөн ярилцлагадаа Швейцараас АНУ руу эмийн бүтээгдэхүүн, алт хайлуулах үйлдвэрийн болон төмөр замын тоног төхөөрөмж илгээнэ гэж мэдэгдсэн байна. Харин Швейцарын Засгийн газрын мэдэгдсэнээр, тус улсын компаниуд 2028 оны эцэс гэхэд АНУ-д 200 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Related news