Монголд хоёрхон байдаг улаан сахиусны шүрэн багны нэг нь Завханы музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы музейд хадгалагдаж буй улаан сахиусны шүрэн баг Жамсран нь Монгол Улсад хоёрхон ширхэг байдаг байна. Харин нөгөөх нь Чойжин ламын сүм музейд Монгол Улсын хосгүй үнэт өв болох шүрэн баг, иж бүрэн өмсгөлийн хамт хадгалагддаг юм.
Энэ бүтээлийг XIX зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрднэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэж урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй аж. Улаан Жамсран бурхны өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг, мядаг буюу хормогч, цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр, үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл багтдаг байна. Улаан Жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241 тоот тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэжээ.
Харин 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 227 тоот тогтоолоор бүрэн өмсгөлийг нь хосгүй үнэт өвд бүртгэсэн байна.
Завхан аймгийн музейд хадгалагдаж буй шүрэн баг нь Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээнд хэрэглэгдэж байсан догшин 10 хангалын нэг ажээ. 1956 онд анх музейд орж ирсэн цагаасаа үзмэрт байгаа хосгүй үнэт бүтээл юм.

Б.Мягмарсүрэн