“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-08 22:48:24
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт "Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нээлтээ хийснээс хойш ес дэх өдрөө үргэлжилж байна.
Аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл: “Бид энэхүү хөтөлбөрийн нээлтийг аймгийнхаа бүх өрхийн эмнэлгүүдэд нэгэн зэрэг эхэлж нээлтэд нь аймаг, сумаас сонгогдсон Иргэдийн төлөөлөгчид, багуудын ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нар оролцсон. Энэ хөтөлбөр нь “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт энэ жил 40-65 насны иргэдийг гипатит B,C вирусийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар тусгагдсаны дагуу хийгдэж байгаа ажил. Дархан-Уул аймгийн хэмжээнд 23 мянга орчим иргэн дээрх үзлэг шинжилгээнд хамрагдах бол Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг “Амин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвд л гэхэд гурван мянгаад хүн үзлэг шинжилгээнд орохоор байна. Хөтөлбөрийн эхний үе шат өнгөрсөн сарын 29-нээс эхэлсэн бол энэ сарын 29-нд дуусч энэ хугацаанд иргэд B,C вирустэй эсэхээ тодорхойлуулна. Энэ нь аймгийн хэмжээнд бүх багийн иргэд харьяа өрхийн эмнэлгүүд дээрээ очиж үнэ төлбөргүй өгнө гэсэн үг. Мөн ирэх сарын тавнаас наймдугаар сарын таван хүртэл явагдах хоёр дахь шатанд B,C вирустэй оношлогдсон хүмүүсийн сорьцийг магадлан итгэмжлэгдсэн лабораториуд руу тээвэрлэж тоолуулах ажил хийгдэнэ. Харин аяны гуравдугаар шатанд вирус илрээгүй иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ” гэлээ.
Тус аймагт жилд 200-аад хүн шинэ хавдраар оношлогдож хяналтад ордог. Үүний 70 гаруй хувийг элэгний хавдар эзэлж байна. Цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих хандлагатай байгаа учир уг хөтөлбөрийн хүрээнд гепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж зан үйл, хандлагыг нь өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
                                                                                                                                                                               Б.Норовсамбуу
Related news