Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-29 17:26:17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулийн авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтад Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Өршөөлийн хуулийг батлахдаа хуулийг батлахад байсан 76 гишүүнд хамаарахгүй гэсэн нэмэлт заалт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд биднийг өөрсдөдөө зориулсан хууль батлах гэж байна гэсэн хардлага үүсээд байна гэсэн горимын санал гаргав. Уг саналыг УИХ-ын дарга дэмжиж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг бол УИХ-ын 76 гишүүн, Төрд үнэнчээр ажиллах тангараг өргөсөн 1900 улс төрийн албан тушаалтан бий. Энэ бүх хүмүүс албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэсэн заалт байгаа тул энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал хэлсэн. Улмаар санал хураалт явуулахад Н.Батбаяр гишүүний саналыг олонх дэмжсэнгүй.

Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Өршөөлийн хуультай холбогдуулан олон гишүүн авлигалыг дэмжигч гэсэн нэр зүүсэн. УИХ-ын гишүүн өөрийн өгсөн саналын төлөө гэм буруу хүлээх ёсгүй. Энэ хуультай холбогдуулан Олон улсын байгууллагаас “Та нар авлига, албан тушаалын хэргийг ингэж шийдэх ёстой” гэсэн захидал хүртэл ирсэн. Энэ ч бас УИХ-ын бүрэн эрхэнд халдаж байна. Энэ бол УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдал байх ёстой. Тиймээс санал хураалтыг хаалттай явуулах ёстой” гэв.

Харин УИХ-ын дарга З.Энхболд нь УИХ-ын даргыг сонгохоос бусад санал хураалтыг хаалттай явуулах нь Үндсэн хууль зөрчинө гэсэн тайлбар өглөө.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар тус бүрт нь санал хураалт явуулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Нямдорж нарын гишүүдээс гаргасан Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,  Хууль бусаар хөрөнгөжих, Хээл хахууль авах, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэргийг өршөөхгүй байх саналыг дэмжив.

Харин Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг өршөөх болов.

Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 91.2 хувь дэмжиж, хуулийн төслийг батлав.

Ч.Ариунболд

Related news