Дэлхийн зах зээлд шар айрагны борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-05 11:42:04
ЛОНДОН. /ВВС/. Хүмүүс согтууруулах ундаа уух нь багассан болохыг дэлхий дахины архи дарсны хэрэглээг судалдаг байгууллагын шинэ тайлан мэдээ харууллаа.

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд шар айрагны борлуулалт 1.8 хувиар буурсан байна. Цаашид ч борлуулалт нь буурах хандлагатай байна гэж салбарын албаны хүмүүс мэдэгдлээ.

International Wine and Spirits Record” байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд дэлхийн зах зээлд согтууруулах ундааны борлуулалт өмнөх оныхоос 1.3 хувиар буурчээ.

Дэлхийн зах зээлд дарсны борлуулалт харьцангуй тогтвортой байсан /0.1 хувиар буурсан/ бол цагаан архины борлуулалт 0.3 хувиар өссөн аж.

"ОУВС-гийн мэдээллээр, өнгөрсөн онд дэлхийн ДНБ 3.5 хувиар өссөн. Ер нь бол эдийн засгийн өсөлтийг дагаад согтууруулах ундааны хэрэглээ нэмэгддэг. Эдийн засгийн өсөлт нь саарч байгаатай холбоотойгоор Хятад, Орос болон Бразил зэрэг дэлхийн хэд хэдэн томоохон улс оронд архи дарсны хэрэглээ буурсан байна" гэж International Wine and Spirits Record”-ийн тайланд дурдсан байна.

Шар айрагны борлуулалт  Хятадад 4.2 хувь, Бразилд 5.3 хувь, Орост 7.8 хувиар тус тус буурчээ.

Г.Доржханд
 
 
 

Related news